У.Хүрэлсүх: Байгаль эхийг сүйтгэж байгаа хууль бус бүх уурхайг хаа!
Эх байгаль, газар нутгаа хамгаалж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гүнээ талархъя. Тост, тосон бумбын жишгээр Монгол Улс даяар байгаль эхээ хамгаалах үндэсний хөдөлгөөн өрнөж эхэллээ. Үүнийг Монгол Улсын Ерөнхий сайд өөрөө манлайлж байгаа нь бахдалтай сайхан байна.
Байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд нэгдэж 9, 10 дугаар сард "Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай" сэдэвт үндэсний форумыг Улаанбаатар хот, 21 аймагт үе шаттайгаар зохион байгуулах санаачилга гаргаж байна.
Өвөг дээдсийнхээ халуун амиа золин байж тэмцэж үлдээсэн газар нутаг маань орчин цагт уул уурхайн лиценз нэрийн дор дахин харийн дээрэмчид, дотоодын шуналтнуудад эзлэгдэж байна. Одоо монголчууд бид хууль зөрчсөн, хариуцлагагүй уул уурхайтай хуулийн дагуу, ил тод бүх нийтийн тэмцэл явуулж, газар нутаг, байгаль эхээ хамгаалж үлдээх ёстойг ухааран ойлгоцгооё!
Тост, Тосон бумбын төлөөх тэмцэл бол Монгол Улсад шударга ёс тогтоох, хууль сахиулах, уул уурхай хариуцлагатай байх, хэвлэл мэдээлэл хараат бус ажиллах, байгаль эхийг хамгаалах жишиг тэмцэл байсан гэдгийг дахин сануулъя. Энэ жишгийн дагуу бид Монгол улс даяар хууль бус, хариуцлагагүй уул уурхайн талаарх мэдээллийг төр, түмэнд нээлттэй, ил тод болгож хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно.
"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ, "Эрс шинэчлэл хөдөлгөөн" ТББ