Гэрийнхээ хаалгыг сайтар хааж бай!
Нөхөр, эхнэр, үр хүүхдүүдийнхээ хамт тусгаар амьдрах орчин нь гэр. Энэ бол зөвхөн тэдний л амьдралын орон зай. Тэд энэ орчинд бие биенээ хайрлан энхрийлж, халамжлан анхаарч, бие биенээ жинхнээр нь мэдэрч, аажим аажимдаа бие биедээ дасаж, шингэн уусдаг. Тэр орчин нь ямагт халуун дулаан байж чаддаг бол бүгдээрээ сэтгэл хангалуун амьдарч, бусдын бахархлыг төрүүлэх хэрээрээ бусдад жинхэнэ тус болж чаддаг. Сэтгэлийн халуун дулаан уур амьсгал гэдэг эхийн хэвлийгээс гадна, хамтаараа амьдарч жаргаж байгаа гэр оронд нь үргэлжилнэ. Үр хүүхдүүд нь заримдаа гэрээсээ гаднах хүйтэн уур амьсгалыг мэдрэхдээ айн цочирдож "Аав аа, ээж ээ яагаад ийм байгаа юм бэ?" хэмээн сэтгэл нь зовнин шалгаана. Тэр болгонд нь хариу болгож "Амьдрал тэгш байдаггүй юм аа хүүхдүүд минь. Бид өөрсдөө ийм байж чадаж байгаа юм чинь өрөөл бусдад бас тийм байхад нь туслах хэрэгтэй" гэж сургамжилна. Хүүхдүүд өсөж том болоход тэдний сэтгэлийн илч дулаан хамтдаа л "томорч" байдаг. Гэр гэдэг газар дээрх эхийн дулаан хэвлий, хайр ямагт бялхаж үрждэг орчин.
Айлд зочин морилж ирэх бүрийд монголчууд хаалгаа дэлгэн угтаж, мордож буцахад нь хаалганыхаа гадна заавал үдэж өгдөг. Буцаж орохдоо хаалгаа заавал хаана. Магадгүй таагүй үйлдэл болон харилцаанаас шалтгаалж хэн нэгнийхээ харцанд буусан бухимдлын сүүдрийг аргадаж учирлан арилгахыг хичээдэг. Гомдлоос нь урсан асгарах нулимсыг нь арчиж, толгойг нь цээжиндээ нааж аргадна, бас учирлана. Заримдаа учраа ололцож чадалгүй бачимдан муудалцахдаа бусдад мэдэгдэхгүйг хичээн, сэтгэл дотроо эвлэрэх зайгаа үлдээх гэж зөөлхөн дуугаар "хэрэлдэнэ". Сэтгэлд ээнэгших хайрын илчиндээ хожим нь эвлэрч, бие биедээ "бууж өгч" тайтгарахдаа, хаалгаа хааж гэр дотроо л бүхнийг шийдэж чадсандаа баярлан бие биенээ эрхлүүлдэг. Амьдралд тохиолдох адармаатай олон асуудлаа гэр дотроо шийдэж бай, хэмээн ганцхан хаалга байдаг байж болох. Олон хүмүүс орж гарахын учралд заавал угтаж, үдэж бай хэмээн наран тойрох урд зүг рүү хаалгаа харуулан гэрээ барьдаг байх, монголчууд бид. Сэтгэл хичнээн жихүүцэвч, хэн нэгнийг угтаж үдэхдээ нарны дулаан илчинд сэтгэлээ бүлээсгэж бай хэмээн тохиосон ч байж болох.
Монголчууд бид их ах дүүсэг хүмүүс л дээ. Туурга тусгаарлан ханаа шийрлэж, тулах баганаа хоёулаа түшиж, тулгандаа галаа өрдөж айл болсон хэрнээ заримдаа хэн нэг нь аав ээж, ах дүүсээ гэрийнхээ хоймортоо суулгаж, авах гээхийн ухаанаа тэднээр заалгах нь бий. Олон хүмүүс ямагт зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй орж гардаг болохоор хаалга нь ямагт онголзож, гажсандаа хяхтнан дуугардаг. Сэтгэлд хяруу унаж, жиндэж даарах тусам халуун дулаан хайрыг аажим аажмаар хөргөөж орхино. Олон олон хүмүүсийн хайрын бус, хүнийрхүү хүйтэн сэтгэлд үр хүүхдүүдийн сэтгэл нь жиндэн даарч, айж балмагдсандаа аав ээжээ ч хайрлаж ачлахаа умартах нь бий. Өнөө эс ч маргаашийн нэгэн өдөр амьдралд учирдаг хатуу тавилангийн нэгэн шалтгаан нь энэ. Өөрсдөө сэтгэл нь хөрч нэг л мэдэх дор гэртээ орохоос ч дургүй болно, халуун дулаан уур амьсгал үгүй болохоор. Хэн нэгэнтэй нь хамтдаа "гэрлэсэн хадмууд" нь харин үүнийг хэзээ ч ойлгож ухаардаггүй. Хамаг бурууг нь өөрийнхөөсөө зайлуулан өмөөрч, өрөөлийг буруутган хамтдаа үзэн ядаж байхдаа нэгэн айлын амьдралыг "самарч", аз жаргалыг нь хулгайлж байгаагаа мэддэггүй.
Хүн болгон төгс төгөлдөр биш. Амьдрал гэдэг ямагт аз жаргалаар бялхаж байдаг дардан зам ч биш. Учрангуутаа уусаж нийлдэг хосууд ч байдаггүй. Харин тэдэнд өөрийн гэсэн гэр орон бий, заяагаа холбосон болохоор. Сэтгэлд гэгээн нэгэн хайр байдагтай адил, гэрт орж гарах ганц л хаалга бий. Олон хүмүүстэй бид учирч уулзаж, найзалж нөхөрлөдөгтэй адил олон хүмүүс та нар дээр зочилж ирж буцдаг. Зочин болгон цэцэг барьж ирдэггүйтэй адил, зарим хүмүүс атаат хорон сэтгэл өвөрлөж ирэх нь бий. Та нарт таалагдсан эс таалагдсан сэтгэлээ зочноо мордсоны дараа хаалгаа хааж байгаад ярилцагтун, заавал учраа олж ойлголцож байгтун. Тэр хэрээр гэрийн тань хаалга бөх байж, гэрт тань ямагт дулаан эрчим мэдрэгдэж байх болно. Хардаж муудалцахдаа хаалгаа онгойлгоод бусад руу хашхирах аваас гэрт тань хүйтэн агаар орж, сэтгэлийг тань жиндүүлдэг юм. Энэ гэр бол та нарын л орон зай, өөр хэнийх ч биш. Дулаан, эс бөгөөс хүйтэн жиндүүн байх нь өөр хэнээс ч биш зөвхөн та хоёроос л шалтгаалдаг. Гэрт тань зочилж бус, дайрч орох гэж зүтгэсэн нэгнээс эелдгээр татгалзаж, хаалгаа заавал хааж бай. Энэ хаалга танай гэр бүлийг муу муухай бүхнээс хамгаалж байдаг юм. Хаалгаа заавал, тэгэхдээ зөөлхөн хааж байгаарай.
Г.Галбадрах