Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд хоёр ээлжээр хичээллэх боломжтой
Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд хоёр ээлжээр хичээллэх боломж бүрдсэн байна. Тодруулбал, 2019 онд дүүргийн хэмжээнд нийт 16 сургуулийн өргөтгөл баригдахаас зургаан нь ашиглалтад орж байгаа бол шинээр дөрвөн сургуулийн барилгыг 23, 25, 26, 32-р хороодод барьж байна. Харин бусад зургаан хороонд ирэх он гэхэд зургаан сургууль ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар 23 дугаар хороонд баригдаж буй 143 дугаар сургуулийн барилгын явц 93 хувьтай үргэлжилж байна. Барилгын ажилд саад учрахгүй бол ирэх сарын 2-ноос сурагчдаа хүлээж авах аж. Тодруулбал, тус сургуульд ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн гурван ээлжээр хичээллэдэг 2-12 дугаар ангийг хүүхдүүдийг харъяалалыг дагуу шилжүүлэх юм байна. Ингэснээр дээрх хоёр сургууль хоёулаа хоёр ээлжээр хичээллэх боломжтой болох аж.