"Халхын гол-Бид мартахгүй" хүндэтгэлийн арга хэмжээ болно
Халхын голын байлдааны ялалтад түүхэн үүрэг гүйцэтгэж, Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан монгол, оросын эрэлхэг дайчдын гавьяаг мөнхжүүлэх, хойч үедээ таниулах зорилгоор БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монгол – Орос найрамдлын нийгэмлэгээс "Халхын гол-Бид мартахгүй" хүндэтгэлийн арга хэмжээг наймдугаар сарын 31-нд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалт цогцолборт зохион байгуулах гэж байна.
Арга хэмжээний хүрээнд 16:00 цагаас "Халхын гол 80" дүрслэх урлагийн үзэсгэлэн, 16:30 цагаас монгол, орос сансрын баатруудтай дурсгалын зураг татуулах, 17:00 цагт арга хэмжээний нээлт, уран бүтээлчдийн тоглолт, 18:30 цагаас "Мартах учиргүй 1939 он" шүлэг яруу найргийн өдөрлөг, 20:00 цагаас "Зарлаагүй дайны оршил" Монголын уран сайхны кино тоглогдоно.