9 дүгээр сарын 1-н болж сургууль бүр хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байхад Улаанбаатар төмөр зам “дээд” сургуулийн оюутнууд толгой байгууллагынхаа удирдлагуудыг өөрсдийг нь хууран мэхэлсэн гэж үзэн эсэргүүцийн жагсаал зохион байгуулж байна. Тодруулбал, Улаанбаатар төмөр зам “дээд” сургууль нь долоон мэргэжлээр хөдөлмөрийн магадлан итгэмжлэхээ авсан тэр цагаас дээд сургууль хэмээх статустай болсон юм. Тиймдээ ч өдгөө хамгийн эрэлттэй сургуулийн нэгд тооцогдож буй. Гэтэл энэ зун буюу улсын баяр наадмын үеэр тус дээд сургуулийг политехник гэсэн статустай болгож, коллежийн диплом олгох тухай замын даргын тушаал гарчээ.
Замын дарга буюу Д.Жигжиднямаагийн шийдвэр гараад бараг 2 сар болж байхад багш, ажилчид нь энэ тухай мэдээгүй аж. Тэр бүү хэл, хичээлийн шинэ жилийн нээлтээ хийх үеэр оюутнууд энэ талаар мэдэж, ийнхүү эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулжээ. Оюутнуудын хэлснээр “Дээд сургууль гэдэг статустай болохоор нь тус сургуульд элссэн. Хэрвээ политехник байсан бол элсэх эсэхээ сайн бодох байсан юм. Хэрвээ гадагшаа сургуульд суралцахаар болбол сургуулийн статус нөлөөлөх нь дамжигүй. Тэгээд ч дээд сургууль гэдэг нэрэн дор элсүүлж, төлбөр авсан хэрнээ биднээс нууцаар политехник болгосонд гомдолтой байна. Тиймээс бидэнд сургалтын төлбөрийг нөхөн олго. Эсвэл дээд сургууль гэсэн статусыг хэвээр үлдээ” гэсэн шаардлагыг тавилаа.
Зарим оюутнуудын хэлснээр “Шинэ элсэгчгүй шахуу болсон сургуулийнхаа ретингийг өсгөх үүднээс дээд сургууль гэж байгуулж, нийгэмд эрэлт үүсэнгүүт нь политехник байгуулж байх шиг байна. Бид ингэж хардаж байна” гэсэн юм.
Харин энэ талаар тус сургуулийн багш, ажилчид “Бид энэ талаарх шийдвэрийг огт мэдээгүй. Ажилдаа ороод 7 хонож байна. Уг нь хүүхдүүдэд урьдчилаад мэдэгдэх ёстой байсан. Гэтэл огт мэдэгдээгүй юм билээ. Нөгөөтэйгүүр, “Улаанбаатар төмөр зам”-ын дээд сургуулийн Мэргэжил, сургалтын үйлдвэрлэлийн байгууллага нь нэгдсэн нэг удирдлагатай байдаг. Мэргэжил сургалтын төвөө татан буулгаж, политехник болгох тушаалыг замын дарга гаргасан.
Гэтэл Политехникийн коллежоо Төмөр замын дээд сургуультайгаа нэгтгэж байгаа гэсэн боловч тусдаа хоёр удирдлагатай болсон байна. Удирдлага тусдаа, санхүү тусдаа болсон гэсэн үг.
Политехник болж байгаа гэсэн хэрнээ Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төв нь ямар ч хичээлийн бэлтгэл хангаагүй. Өөрөөр хэлбэл, баклаврын сургалт явуулах хичээлийн хөтөлбөр, стандартаа батлаагүй. Төмөр замын дээд сургуульд байсан техникчийн сургалтыг тэр чигт нь политехникийн коллеж руу шууд хүчээр нэгтгэж байна. Үүнд оюутнууд дургүйцэж эсэргүүцсэн байна” гэсэн юм.
Энэ талаар УБТЗ-ын хэвлэл мэдээллийн хэлтсээс тодруулах гэсэн боловч хуралтай байна гэдэг тайлбарыг өгсөн.
Ямартай ч “дээд” сургууль статус дор оюутнууд тус сургуульд элссэнээ хэллээ. Тиймдээ ч дипломоо политехник бус дээд сургууль гэсэн статусаар авна гэдэг шаардлагыг хүргүүлж, БСШУС-ын сайдад гомдол гаргасан байна. Нөгөөтэйгүүр, сургуулийн статусаа өөрчлөх гэж буй бол шинэ элсэгчдэдээ ядаж мэдэгдэх учиртай. Гэтэл 2019-2020 оны хичээлийн шинэ жилд шинээр элсэх оюутнуудаа “ДЭЭД” сургуулийн нэр дор элсэлт авсан гэдгийг ажилчид мөн хэлсэн юм.
Тиймээс Д.Жигжиднямаа дарга аа таны мэдлийн байгууллагууд хөл толгойгоо олохоо байлаа, та юу бодож байна вэ. Оюутнуудын сонголт тоглоом биш шүү гэдгийг захъя.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (10)