"МАНАН"-гийн шинэ шүүгч Д.Ренченхоролтой танилц
Худалдаа хөгжлийн банкны эзэн “сахал” Д.Эрдэнэбилэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан хэрэгт шалгагдаж байгаа. Түүнийг Сүхбаатар дүүргийн шүүхээс 2019 оны 5 сарын сүүлчээр цагдан хорьсон. Гэхдээ 30 хоног нь болохоос дөрөв хоногийн өмнө “Эрүүл мэндийн шалтгаанаар” сулласан байдаг.
Мөн 2019 оны 8 сарын 20-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс Д.Эрдэнэбилэгт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хоригийг цуцалжээ. Учир нь Д.Эрдэнэбилэгийн зүгээс “Гадаад руу эмчилгээнд явах шаардлагатай” гэж өргөдөл гаргасан байна.
Тэрбээр 2019 оны 8 сарын 26-нд хил гараад саяхан буцаж иржээ. Үүний дараа прокуророос “Д.Эрдэнэбилэгт хилийн хориг тавих” саналыг Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн байна. Гэтэл Сүхбаатар дүүрэгт түр томилолтоор ажиллаж байгаа шүүгч Д.Ренченхорол “Д.Эрдэнэбилэгт хилийн хориг тавих шаардлагагүй” гээд буцаажээ.
Энэхүү Дашцэрэнгийн Ренченхорол гэдэг шүүгч уг нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхэд ажилладаг. Тэрбээр 2014 онд нэгэн шүүхийн Тамгын газрын дарга болж, 2015 онд жинхэнэ шүүгч болоод тангараг өргөж байжээ. Харин 2019 оны эхнээс эхлээд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт түр томилолтоор ажиллаж байгаа юм байна.
Д.Ренченхорол нийслэлд ажиллах хугацаандаа ЗТХЯ-нд хүний амь хөнөөсөн Б.Махбалын хэргийг шүүж, шийдэлгүй байлгасаар мөрдөн байцаалтад буцаасан. Бас сүүлийн үед “сахал” Д.Эрдэнэбилэгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх дуртай болсон байна. Нэг үгээр хэлбэл, "МАНАН" бүлэглэл, “Сахал” Д.Эрдэнэбилэг нар Сэлэнгээс ирсэн Д.Ренченхорол гэдэг шүүгчтэй болжээ.
DMNN