"Үзэн ядсан үг хэллэг"-ийн улмаас 17 мянган суваг YouTube-ээс устгагдаад байна
"Google"-ийн эзэмшлийн "Youtube" компани 6-р сараас хэрэгжүүлж эхэлсэн үзэн ядсан үг хэллэгийг зохицуулах шинэ бодлогынхоо дагуу сайтаас 100,000 дүрс бичлэг, 17,000 гаруй сувгийг устгажээ.
"6-р сарын шинэчлэл" гэж нэрлэж буй уг шинэ бодлогоор тус компани нацизмын үзэл санааг магтан дөвийлгөсөн аливаа дүрс бичлэгийг, мөн Холокосттой төстэй хүчирхийллийн үйл явдлын мэдээ мэдээллийг онцгойлон хориглох болжээ. Шинэ бодлого хэрэгжиж эхэлснээр жилийн 2-р улирлын туршид 100,000 гаруй дүрс бичлэгийг устгасан байна.
Мөн энэ хугацаанд үзэн ядсан үг хэллэгийг зохицуулах шинэ бодлогын дагуу устгагдсан сэтгэгдлийн тоо даруй 2 дахин өсч 500 сая гаруй болжээ.
“Youtube эхэлсэн цагаас л бид аюултай контентуудыг устгасаар ирсэн. Мөн сүүлийн хэдэн жил энэ чиглэлээр бидний оруулсан хөрөнгө, хүчин чармайлт эрс нэмэгдсэн” хэмээн тус компанийн 9-р сарын 3-нд бичсэн мэдэгдэлд дурьдсан байна.
Сард 2 сая бүртгэлтэй хэрэглэгчийн хандалттай "Youtube" нь сүүлийн жилүүдэд хүчирхийлэл, үзэн ядсан үг хэллэг, буруу ташаа мэдээлэл агуулсан, дэмжсэн, тараасан шинэ контентуудын байнгын урсгалыг бүрэн хянах тал дээр маш их шүүмжлэлд өртөж байгаа юм.
Компани зайлшгүй хүн хянаж үзэх шаардлагатай дүрс бичлэгийг хиймэл оюун ухаанаар таньж ялгах технологидоо тулгуурлан өөрийн платформыг байнга хянаж, аюултай контентуудыг илрүүлэн устгах чиглэлээр олон алхмуудыг хийгээд байна. Мөн "Youtube" энэ оны 2-р улиралд спам таньж ялгах системээ шинэчилснээр компанийн спамын стандартыг зөрчсөн сувгийг илрүүлж устгасан тоон үзүүлэлт 50 хувиар өссөн байна.
"Google"-ийн хамтаар "Youtube" нь компанийн бодлого стандартыг зөрчсөн дүрс бичлэгийг илрүүлэх, хянан шалгах, устгах үүрэг бүхий 10 000 гаруй ажилтнаас бүрдсэн багтай юм.
Өмнөх гурван сартай харьцуулбал илэрч устгагдсан дүрс бичлэгийн тоо 5 дахин өссөн гэж "Youtube" мэдэгдэж байна.