Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху хэрвээ дахин сонгогдвол Израилийн суурьшлын гол бүс болох Баруун эргийн (West Bank) Иорданы хөндийг эзлэн авахаа амлажээ.
Тэрбээр мягмар гарагт Рамат Ган хотод болсон хэвлэлийн бага хурал дээр "Манай улсын зүүн хил бол бидний батлан хамгаалах гол хана" гэж хэлсэн бөгөөд Иорданы хөндийд "Израилийн бүрэн эрхт байдлыг хэрэгжүүлэх болно" гэдгээ мэдэгдсэн юм.
Тэгэхээр дараагийн долоо хоногт болох сонгуулиар Нетаньяху ахин сонгогдвол түүний хийх эхний алхам нь Иорданы хөндийг нэгтгэх явдал байх аж.
Нетаньяху энэ зуны эхээр тус бүс нутгаас Израилийн цэргийг гаргах төлөвлөгөөг зогсоогоод байсан. Харин зургадугаар сард АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтонтой уулзах үеэр Нетаньяху Палестинчуудтай хийх аливаа энхийн гэрээ хэлцэл нь Иорданы хөндийг Израильд шилжүүлэх баталгааг өгөх ёстой гэж хэлсэн ба тэрбээр "Бүхэл бүтэн бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг үүгээр баталгаажуулна" гэж мэдэгдэж байсан юм.