Оросын Тверийн санваартнууд онгоцноос ариун ус цацаж, хотынхоо "бузрыг арилгах"-аар болжээ
Жил бүрийн 9-р сарын 11-нд хойд хөршид "Бүх нийтээрээ эрүүл байх өдөр" болдог бөгөөд үүнийг тохиолдуулсан нэгэн ер бусын ёслол өнөөдөр Тверь хотод болох гэж байна.
Тайлбарлавал, санваартнууд ирэх жилд хотынхоо иргэдийг садар самуун, мөрийтэй тоглоом, архи, мансууруулах бодисноос хол байгаасай хэмээн залбирч ариун усыг хотынхоо дээрээс, онгоцноос цацах юм.
Хотын сүмүүдийн зөвлөлийн дарга Александр Горячев уг нь анх Тверь мужийн бүх нутгийг үүнд хамруулах төлөвлөгөөтэй байсан ч зарим бэрхшээл тулгарч байсан тул бодлоо өөрчилж, зөвхөн Тверь хотод ёслолыг үйлдэхээр болжээ.
Орос улсад архидалтын асуудал аль эрт тулгарч эхэлсэн ба 1913 онд Үнэн алдартны сүмийн санваартнуудын санаачлагаар эл өдрийг тэмдэглэх болсон юм. Улмаар энэ өдөр Орос улсад согтууруулах ундаа зарахаа больж, залбирлын ёслолыг хот, тосгодод хийж, шашны үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн аж.
Харамсалтай нь тус арга хэмжээний үр дүнг баталсан статистик баримт байдаггүй. Гэхдээ л хүмүүс үүнийг архидалт, хар тамхинд донтох, садар самуунтай тэмцэхэд сайнаар нөлөөлдөг хэмээн үздэг билээ.