Хонконгийн тэмцэгчид Их Британийн төрийн дууллыг дуулж колоничлолын үеэ "санагалзав"
Хонконгийн ардчиллын төлөөх тэмцэгчид Их Британийн консулын газрын гадаа Их Британийн төрийн дууллыг дуулж, төрийн далбааг нь намируулсныг "Independent" мэдээллээ.
Уг явдлын дараа томоохон эсэргүүцлийн жагсаал дахин болсон бөгөөд цагдаа нар жагсагчдыг химийн аргаар цэнхэр өнгө оруулсан шингэнээр шүршиж, баривчилж эхэлсэн юм.
Түүнчлэн тэд нулимс асгаруулагч хийг ашигласан бол жагсагчид хотын захиргааны газрын гадаа цагдаагийн хаалт руу Молотов коктейль болон тоосго шидсэн байна.
Цагдаагийнхан хүний эрхийн төлөөх эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах хүсэлтийг хүлээж аваагүй тул Каузэйвэй Бэй худалдааны гудамжнаас хотын бизнес хороололд хүртэл жагсаал цуглаан болж, олон мянган хүн оролцжээ.
Эсэргүүцэгч 50 настай Уинн Леунг "Би үүнийг бидний үүрэг гэж бодож байна. Засгийн газар биднийг хориглохыг хүсэж байгаа боловч ард түмэн айхгүй" гэж хэлсэн байна.
Хонконгийн захирагч Керри Лам засгийн газраас олон нийтийн санаа зовнилыг бүрэн дарах үүднээс хоригдол шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг буцааж авснаас хойш тус жагсаал хамгийн том нь байлаа.
Гэвч түүний шийдвэр гарсан ч эсэргүүцлийн жагсаалыг зогсоогүй юм. Ням гарагт олон зуун жагсагчид Их Британийн консулын газрын гадна цуглаж, зарим нь Их Британийн төрийг далбааг даллаж, "Их Британи Хонконгийг аварья" гэж хашхирчээ. Бусад нь харин Их Британийн төрийн дууллыг дуулсан байна.
Мөн тэмцэгчид коммунист намын 70 жилийн ойг тэмдэглэсэн Хятадын далбаа, тугуудыг нурааж, шатааж байсан ба метроны буудлын цонх, хяналтын камерыг ч хүртэл эвдэлжээ.
Үүний улмаас Хойд Пойнт хэсэгт цагдаа нар зам хааж, эсэргүүцэгчид рүү нулимс асгаруулагч хий цацаж, хотын хамгийн томд тооцогддог Сого их дэлгүүр хүртэл үүдээ барьсан байна.