Д.Трамп худалдааны дайныг ирэх жилийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө шийдвэрлэх ёстойг Хятадад санууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх жилийн Америкийн ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө худалдааны хэлэлцээрээ хийх ёстойг Бээжинд анхаарууллаа. Эс тэгвээс "Уг хэлэлцээр Хятад улсад маш хүндээр тусах болно" гэдгийг мэдэгдсэн байна.
Хятадын сангийн дэд сайд Ляо Мин энэ долоо хоногт Хятадын төлөөлөгчдийг Вашингтонд авчирч, 10-р сард Хятадын Шадар сайд Лю Хэ, АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайттицер ба АНУ-ын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Стивен Мнучин нарын хооронд хийх хэлэлцээний төлөвлөгөөг гаргахаар зэхэж байгаа аж.
Гэвч Хятадын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тэр дундаа Синьхуа мэдээллийн агентлаг, "People’s Daily", "Global Times" нар удахгүй болох хэлэлцээрийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байхад мягмар гарагт тус мэдээллийг тараажээ.
Трамп “Хэрэв сонгуулийн дараа хэлэлцээр хийгдвэл энэ нь урьд өмнө хэзээ ч байгаагүй хүнд тохиролцоо болох болно. Хятад улс үүнийг мэдэж байгаа" гэж хэлсэн байна. Мөн “Тэд намайг маш амархан ялна гэж бодож байгаа тул миний санаа зовж байна. Гэхдээ тэдэнд би хэн ялахыг харуулж чадна" хэмээн нэмж дурджээ.
Хятад, АНУ хоёулаа энэ сарын эхээр сайхан харилцаатай байгаагаа батлахаас өмнө дэлхийн хоёр том эдийн засгийн 14 сарын худалдааны дайн эцэслэн зогсох нь гэх найдлага олон нийтэд төрж байв. Гэвч Бээжин ба Вашингтон нь бүтцийн гол асуудлаар талцсаар байгаа юм.
Ерөнхийлөгч Ши Жиньпин дэд ерөнхийлөгч Лютэй Хенан мужид хийсэн айлчлалын үеэр худалдааны дайны талаар мэдэгдэл хийгээгүй бөгөөд тэрбээр мягмар гарагт нүүрс олборлох машин механизмын үйлдвэр дээр Хятад улс нь томоохон үйлдвэрлэлээ шинэчлэх ёстой гэж сануулж байв.
Тэрбээр "Хятад улсын үйлдвэрлэл нь одоо дэлхийд хамгийн томд тооцогдож байгаа боловч бид өөрчлөлт, шинэчлэлтэд хүрэхийн тулд урагшлах ёстой." гэж хэлсэн юм.
Харин АНУ-ын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Том Доноху АНУ-ын худалдааны төлөөлөгч Лайтигизер бизнесийн удирдлагуудад оюуны өмч, технологийн асуудлыг шийдвэрлэх "бодит гэрээ" хийхийг хүсэж байгаагаа илэрхийлэв.