Хотын дарга аа, нийтийн тээврийн тоогоо нэмээч!
Сүр дуулиантай гүүрний нээлт хийгээд л одоо замын түгжрэл багасна гээд байсан чинь юу ч өөрчлөгдсөнгүй. Харин ч хот төлөвлөлтийн буруу шийдвэрээр өчнөөн тэрбум доллароор барьсан гүүр үр өгөөжөө өгөхөөс илүүтэй жолооч нарт “лай” болж байна.
Авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хийгдэж байсан ажлууд ер нь бүтэлтэй болж байсан түүх үгүй. Учир юу вэ гэвэл бидэнд хүн рүүгээ чиглэсэн бодлого, зохицуулалт хэрэгтэй байгаа юм.
Замын хөдөлгөөнд анхаарлаа хандуулахынхаа оронд нийтийн тээврийн тоогоо ханатал нь нэмээд өг л дөө. Шугам давхардуулдаг эмх замбараагүй байдлаа зогсоочих.
Адаглаад тэгвэл үр хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгдөггүй хүмүүс нийтийн тээврээр үйлчлүүлэхийг илүүд үзэх болно.
Мөн явган хүний замд анхаарлаа хандуулж иргэн рүүгээ чиглэсэн бодлого гаргаад ажиллавал толгой гашилгаад байгаа түгжрэл чинь адаглаад 20 хувиар багасна.
Яг одоогийн нөхцөл байдалд бохир заваан, шаардлага хангахгүй нийтийн тээврээр хүмүүс шахцалдан үйлчлүүлж байна. Зарим буудал дээрээ хүнээ ч дийлэхгүй байна. Нэг нэгнээ зодох нь дөхөж автобусанд суудаг иргэдтэй улс дэлхийн хаана ч байхгүй шүү.
Хүмүүс өглөө 8.30-д ажилдаа очихын тулд гэрээсээ бараг 2 цагийн өмнө гарч, автобус ирэхийг хүлээж маш удаан зогсдог. Хүүхэдтэй хүмүүс бол нийтийн тээврээр үйлчлэхгүй эрхгүй мэт болсон. Бүгд ад үзнэ, суух суудал байхгүй. Аргаа барсан эцэг, эхчүүд хүүхдээ хүний хөлд даруулж алах нь дөхөж байна.
Тэгэхээр цэвэрхэн автобустай, тэдгээр нь удаан хүлээлгэхгүй байвал хүн бүр л аль болох машинаас татгалзана гэдгийг ойлгооч. Иргэд бид цалингаасаа 24%-ийн татвар төлдөг хэрнээ ерөөсөө төлсөн татварынхаа үр шимийг хүртэж чадахгүй байна.
Дугаарын хязгаарлалт, шинэ замын нээлт, бүсчлэлд оруулах ажил чинь газар авахгүй байгааг бүгд харж байна. Одоо анхаарах ёстой юмандаа л анхаараач дарга нар минь...
О.Баяраа
Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.