"American Airlines" компанийн онгоцыг санаатайгаар саатуулсан механикч ISIS-тай холбоотой байжээ
Ирак гаралтай АНУ-ын иргэн, 60 настай эрэгтэй гар утсандаа ISIS-ийн видео бичлэгийг хадгалсан байсан бөгөөд түүнийг ISIS-ийн гишүүн ах, дүүтэй байж болзошгүй болохыг гэрчүүд мэдүүлжээ.
Иракаас гаралтай, АНУ-ын иргэншилтэй, агаарын тээврийн механикчаар 30 жил ажилласан Алани нь гар утсандаа ISIS суртал ухуулга бүхий бичлэгийг хадгалж байсан гэж АНУ-ын өмгөөлөгчийн туслах Мария Медетис мэдэгдэв. Мөн Аланийг Исламын бүлэглэлтэй террорист холбоотой, мусульман бус хүмүүсийн эсрэг халдлага үйлдэх төлөвлөгөөтэй байж болзошгүй гэж прокурорууд мэдээлжээ.
Тэрбээр зуны туршид "American Airlines" компанийн нисэх онгоцонд санаатайгаар гэмтэл учруулж, саатуулж байсан нь тодорхой болсон юм.
Гэхдээ мөрдөн байцаагчид ISIS-ийн ах, дүүгийн талаар нотлох баримт олоогүй байгаа аж. Учир нь Алани терроризмтой холбоотой гэмт хэрэгт буруутгагдаагүй юм.
Тэрбээр шүүхэд мэдүүлэг өгөхдөө нислэгийн хурд, давтамж болон бусад мэдээллийг дамжуулдаг төхөөрөмжийн оролтын хэсэгт хөөс нэмж бэхлэхдээ супер цавуу хэрэглэсэн гэдгээ мэдэгдсэн байна.
Харин агаарын тээврийн зохицуулагч түүнийг илүү цаг ажиллаж, цалин авахын тулд онгоцонд гэмтэл учруулсан гэж хэлжээ.
Түүний өмгөөлөгч Кристиан Данхэм "Бид түүнийг санаатайгаар хүмүүсийг аюулд оруулах гэж байсныг нотолж чадахгүй. Учир нь онгоц нисэхэд зүгээр байсан" гэж мэдэгдсэн юм.
Энэ бүхний дараа Алани ажлаасаа халагдсан бөгөөд Холбооны нисэхийн алба саяхан нисэх онгоцны механикчийн гэрчилгээг нь хүчингүй болгосон байна. Улмаар тэрбээр баасан гарагт болох өөр шүүх хуралдаанд нэхэмжлэл гаргахаар болжээ.