Озоны цоорхой энэ онд хамгийн бага хэмжээнд хүрч жижгэрснийг тогтоожээ
Их Британийн Рийдинг-д байрладаг Коперникийн нэрэмжит агаар мандлын хяналтын төвийн (CAMS) хийсэн ажиглалтаар өмнөд туйлын агаар мандлын дээд хэсэгт байгаа озоны цоорхой нь 2019 онд жил жилийн 9-р сарын дунд үед ажиглагддаг хэмжээнээсээ 2 дахин бага болж жижгэрснийг мэдэгджээ.
Озоны молекул нь хүчилтөрөгчийн 3 атомаас бүрддэг. Озон нь нарны туяан дах ультра ягаан хэмээх аюулт цацрагийг шүүн авч дэлхий руу нэвтрүүлэхгүй хамгаалж байдаг хий юм.
Энэхүү хийн давхарга нь дэлхийгээс дээш 20-30км-т үүсэн бий болж бас устаж байдаг.
Агаар мандал бохирдоогүй үед озоны үүсэх болон устах процесс тэнцвэртэй байдаг. Гэвч хүний үйл ажиллагаанаас шалтгаалан агаарт дэгдэж буй хлор болон бром агуулсан химийн бодисууд тэнцвэрийг алдагдуулан озоныг устахад хүргэж байдаг бөгөөд 9, 10-р сард Антарктидад үүссэн озоны цоорхой хамгийн том хэмжээндээ хүрч тэлдэг байна.
1987 онд засгийн газрууд хооронд байгуулсан Монреалийн протоколоор озоныг устгагч химийн бодисуудын үйлдвэрлэл болон хэрэглээг хориглох замаар цоорлыг арилгах, озоны давхаргыг хамгаалахаар шийдвэрлэсэн.
Өнгөрсөн долоо хоногийн хэмжилтээр озоны хэт нимгэн давхаргын хэмжээ ердөө л 5 сая гаруй км2 байна. Энэ хэмжээ өнгөрсөн онд 20 сая км2 – ээс дээш харин 2017 онд 10 сая гаруй км2 байжээ. Өөрөөр хэлбэл энэ хэмжээ жилээс жилд маш их хэлбэлзэж байгаа юм.
CAMS-ын дэд тэргүүн Ричард Энгелен энэ жилийн цоорол одоохондоо жижиг байгаа нь сайн хэрэг ч үүнд тайвширч болохгүй хэмээн анхааруулсан байна.
“Яг одоо бид үүнийг сонирхолтой хэвийн бус үзэгдэл гэж авч үзэх ёстой. Үүнийг үүсгэж байгаа учир шалтгааныг олж мэдэх хэрэгтэй гэж би бодож байна. Энэ бол агаар мандал дах хлор, бромыг багасгах зорилготой Монреалийн протоколд огт хамаагүй. Учир нь тэдгээр бодис нь агаар мандалд хэвээрээ байж л байгаа. Харин энэ бол илүү динамик хөдөлгөөн, зүй тогтолд хамаатай. Хүмүүс уур амьсгалын өөрчлөлтийн талаар асуух нь тодорхой. Гэвч бид яг одоо үүнд хариулт өгч чадахгүй байна” гэж тэрбээр BBC News –д хэлсэн байна.