Ням гарагт болсон томоохон үймээний дараа Хонконгийн төмөр зам хэвийн ажиллаж эхэллээ
Хонконгийн иргэд өнөөдөр тэмцлээ завсарлаж, галт тэрэгний үйлчилгээгээ хэвийн явуулж эхэлсэн болохыг Ройтерс мэдээллээ.
Ардчиллын төлөөх тэмцэгчид ням гарагт төмөр замын өртөө, худалдааны төвүүд рүү халдаж, хүчтэй эсэргүүцлийг өрнүүлжээ. Улмаар цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий цацсан байна.
Хэд хэдэн мөргөлдөөний хамгийн том нь Масс Транзит Төмөр замын (MTR) өртөөний ойролцоо гарсан бөгөөд одоогийн байдлаар жагсаал цуглааныг намжаах зорилгоор ихэнх станцуудын хаалгыг хаажээ.
Ням гарагт олон зуун эсэргүүцэгчид Ша Тин дүүргийн Нью Таун Плаза дээр цугларч, "Эрх чөлөөний төлөө тэмцье", "Хонконгийг чөлөөл" гэж хашгирав.
Идэвхтнүүд галт тэрэгний буудлын ойролцоо Хятадын далбааг гишгэж, видео камер, тасалбарын кабинуудыг нурааж байсан бол зарим нь худалдааны төвийн үүдэнд картоноор хийсэн хаалт, эвдэрсэн далдуу мод болон бусад хог хаягдлыг шатаажээ.
Харин өнөөдөр буюу даваа гарагт MTR галт тэрэгний үйлчилгээ хэвийн явагдаж эхэлжээ. Учир нь 10-р сарын 1-нд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой болох тул эрх баригчид Бээжинг сандаргахгүй байхыг эрмэлзэж байгаа аж.