УИХ-ын гишүүн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй байх хуулийн заалттай. Тэглээ гээд таалагдахгүй нэгнийг доромжилж гутаахын нэр биш. Гүтгэх бол бүр ч биш ээ. Гэвч өөр рүү нь чиглэсэн шүүмжлэлийн хариуд хууль тогтоох дээд байгууллагын зарим гишүүн юу ч хамаагүй ярьж, бусдыг чичилж, занадаг боллоо. Саяхан даа, сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн бэлтгэн хүргэдэг “Улаан бал” нэвтрүүлэгт Хөх хотод суух Консул асан Д.Мөнх-Эрдэнэ оролцох үеэрээ Ж.Батзандан гишүүнтэй холбоотой хэд хэдэн асуудлыг хөндөн ярьсан. Хариуд нь Ж.Батзандан гишүүн байр сууриа илэрхийлэх үеэрээ ““Улаан бал” нэвтрүүлэгт оролцох уу гэж надаас асуусан. Төрийн далбаагаа урдаг нэвтрүүлэгт орохгүй. Лодой хүү Шодой хүү байгаа учраас тэр” хэмээх нь тэр.
Сэтгүүлч хүн мэдээллийг дамжуулах үүрэгтэй. Болохгүй, бүтэхгүй байгаа асуудлыг хөндөж гаргах нь сэтгүүлч мэргэжлийн онцлог. Тэр хэрээрээ нийгэмд чимээ өгдөг, сэрэмжлүүлдэг. Ийм нэгэн тогтсон жишиг, зарчмаар сэтгүүлч Ч.Лодойсамбуу нэвтрүүлгээ хүргэсэн, түүнийг нь олон нийт өөр өөрийн байр сууриас хүлээж авсан. Гэтэл нэвтрүүлэгт оролцогчийн хэлсэн үгэнд хариу өгсөн Ж.Батзандан гишүүн сэтгүүлчийг давхар нэр усаар нь гутаан доромжилсныг юу гэж ойлгох вэ. Гишүүн Ж.Батзандан, Консул асан Д.Мөнх-Эрдэнэ нарын хувь хүмүүс хоорондын харилцаа, хэн нь үнэн яриад буйг хэлсэн ярьснаар нь шууд шүүчихгүй, үнэн, худлыг нь тогтоохүй, цаг хугацаа л дэнсэлнэ. Шаардлагатай тохиолдолд холбогдох хуулийн байгууллага нь тогтооно, шүүхээр эцэслэнэ. Түрүүчээсээ зарим нь Авлигатай тэмцэх газарт нэгийгээ өгч шалгуулахаар болсон байна лээ.
Хамгийн хачирхалтай нь, энэ асуудлын хариуд Монгол сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр таг дуугүй явна. Хэвлэлээр гарч, түгээж байгаа мэдээллээс харахад тэрбээр “Хариуцлагатай уул уурхай” сэдвийн хүрээнд зүүн аймгуудаар хэлэлцүүлэг зохион байгуулаад завгүй яваа юм билээ.
Уг нь цахим орчин хөгжсөн энэ үед Монгол орны аль ч өнцгөөс сэтгүүлчийн нэр төрд халдсан Ж.Батзандан гишүүний үйлдлийг Эвлэлийн ерөнхийлөгч харсан байж таараа. Хараагүй юм гэхэд хэн нэгэн түүнд дуулгасан л байх.
Гэвч тэрбээр уул уурхайтай хийх “тэмцэл”-ээ үргэлжлүүлээд явна. Ингэж бичсэнээрээ Х.Мандахбаяр хэмээх хувь хүний хариуцлагагүй уул уурхайтай хийж байгаа тэмцлийг шүүмжилж мохоох гэсэнгүй. Харин 106 жилийн түүхтэй, эгнээндээ 6000 гаруй сэтгүүлчийг багтаасан Эвлэлийн ерөнхийлөгчийн хувьд тэдгээрийн эрх ашгийг хөндсөн асуудалд ямар нэгэн байдлаар хариу өгөхгүй явна. Угтаа бол Ж.Батзандан гишүүний эл үйлдэлд эгдүүцсэн хэвлэлийнхэн түрүүчээсээ түүнээс ярилцлага авч олон нийтэд хүргэхгүй гэдгээ мэдэгдэж, эсэргүүцлээ илэрхийлж эхлээд буй. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэдэг нь энэ. Зөв үйлдэл, зүй ёсны эсэргүүцэл.
Гагцхүү өнөөдөр нэг сэтгүүлчийг нэр цохон нэр төрд нь халдаж буй мэт боловч маргааш тэд нийт салбараар нь багалзуурдаж, хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилохыг үгүйсгэхгүй. Тэр үед таг дуугүй яваа Эвлэлийн ерөнхийлөгч уул уурхайтай хийж байгаа шигээ тэмцэл өрнүүлсэн ч нэгэнт оройтсон байх вий. Олон нийтэд таалагдахын тулд улстөрчид юу ч хийж чадна. Харин түүнээс урьтаж, үнэн төрхийг нь илчлэх, сонгогчдод сэрэмжүүлэх, багийг нь хуулах нь сэтгүүлчийн, энэ салбарынхны үүрэг. Биднийг дөрөв дэх засаглал гэж сэтгүүлзүйн салбарыг зүгээр ч нэг тодотгоогүй юм шүү, эрхэм ерөнхийлөгч өө. Угтаа бол энэ мэтчилэн асуудал гарах бүрт улстөрчдөөс сэтгүүлчээ хамгаалж дуугарах, дахин тийм үйлдэл гаргуулахгүй байх нь Эвлэлийн ерөнхийлөгчийн үүрэг болохоос уул уурхайтай тэмцэл өрнүүлэх биш байлтай.
С.Сүлд
Сэтгэгдэл (6)