Сургалтын тогтолцоонд хүүхдийн хүмүүжил алдагдаж байна
Бид хүүхдээ хичээлээ сайн хийж, онц сурах ёстой гэх мэтээр хэтэрхий шинжлэх ухаанч мэдлэгүүдийг олгохыг эрмэлзсээр ирсэн. Боловсролын байгууллагуудын тогтолцоо ч мөн яг л ийм үзэл суртал, тогтсон жишгээр ажиллаж ирсэн билээ. Гэхдээ энэ нь мэдлэг эзэмшиж буй тухайн хүүхдэд хэр нийцэж байгааг бодож байсан уу гэвэл үгүй юм.
Эцэг, эхчүүд хүүхдээ хүмүүжүүлж, хөгжүүлж байна гээд өндөр төлбөртэй сургуульд сургаж, элдэв янзын сургалтад хамруулдаг. Харин үүний цаана сурч байгаа нэрийдлээр хүүхэд өөрөө хохироод үлдэж байна. Мэдээжийн хэрэг аливааг сурч, мэдлэг мэдээлэлтэй байх нь зөв хэдий ч энэ нь хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлөх нь ховор.
0-6 насанд хүүхдийн хүмүүжлийн үндсэн суурь тавигдаж, 6-12 насанд тухайн хүүхдийн хүмүүжил, дадал зуршил нь сууж эхэлдэг. Харин яг тэр цаг үед хүүхдэд гэр бүлийн хүмүүжил, сургуулийн өмнөх боловсрол хамгийн чухал байдаг аж.
Гэтэл одоогийн боловсролын салбарын бодлогод уг асуудалд анхаарсан зүйл алга. 6 настай хүүхдүүд биедээ томдсон цүнх үүрч, гэрийн даалгавраа ч хийх учраа олохгүй эцэг, эхтэйгээ оройг бухимдан өнгөрүүлж байна.
Дээр нь багш сурган хүмүүжүүлэгч нар өнөө л 20-30 жилийн өмнөх сургалтын системээрээ 21-р зууны хүүхдүүдийн тархийг "нүдсээр" л байна. Гэхдээ энэ тэдний буруу ч биш. Анхнаасаа багш болохдоо өнөө социализмын үеийн зарчмаар бэлтгэгдэж байхад арга ч үгүй биз.
Тэгэхээр багш, сурган хүмүүжүүлэгчдийг дэлхийн стандартын дагуу бэлддэг болмоор байна. Тэгж байж гэмээнэ боловсрол эзэмшиж буй хүүхдүүд зөв зүйлээ, зөв аргаар сурч, зөв хүн болж төлөвшинө.
Хүүхэд бүр өөр өөр байдаг гэдгийг бүх хүмүүс ойлгох ёстой. Финландад нэгдүгээр ангийн хүүхдүүдийн гэрийн даалгаварт гадаа гарч шороогоор тогло, аав ээжтэйгээ дуртай амьтныхаа талаар ярилц, бороонд нор, цасаар тогло гэх мэт даалгавруудыг өгч тухайн хүүхдийн танин мэдэх чадварыг хөгжүүлдэг. Яг үүнийг уншихаар танд дээр үеийн Монгол уламжлал санаанд чинь бууж байгаа байх. Чулуугаар айл гэрдэж тоглох, шагайгаар алаг мэлхий өрж наадгай хийх гэх мэт арвин ухаан бидний өвөг дээдэст байжээ.
Гэтэл одоо манайд 2-р сэдвийг хуулан бич, А үсгийг 10 мөр бич, 1-5 хүртэлх бодлогыг бод гэх мэтчилэн байх жишээний. Өнөөх нь хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлж байгаа юм байхгүй.
Монголын эрх баригчид олон жил уул уурхайгаа ухаж хэрүүл хийж байгаа хэрнээ эх орны хөгжлийн гол цөм болсон боловсролын салбартаа огт анхаарахгүй байна. Сургуулийн өмнөх шатны боловсролын системээс эхлээд бүх шатны түвшинд бидэнд өөрчлөлт хэрэгтэй байна. Сайн багш бэлтгэдэг болмоор байна.
Хамгийн гол нь хүүхдийн хүмүүжил дээр суурилсан нягт сургалтын бодлого зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Мөн хувийн болон улсын сургуулиудын хөтөлбөрүүд өөр өөр байдаг. Яг аль нь хүүхдэд жинхнээсээ хэрэгтэй болохыг ялгаж салгаад мэргэжлийн хүмүүс нь тайлбарлаж чаддаггүй. Бүгд өөр өөрсдийн сургалтын хөтөлбөрөө сайн гэж магтдаг. Энэхүү учир нь олдохгүй замбараагүй байдалд хяналт тавьж зөв гаргалгааг гаргаж, нэгдсэн тогтолцоотой болох нь Монгол улсын боловсролын салбарыг хариуцдаг хүмүүсийн үүрэг юм.
Э.Анударь
Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.