Антарктид тивийн гурав дахь том мөсөн хавтангаас 347 тэрбум тонн мөсөн уул салжээ.
D-28 гэж нэрлэгдээд буй энэхүү мөсөн уул нь өнгөрсөн долоо хоногт Зүүн Антарктидад байрлах Амери мөсөн уулаас хуваагдан салжээ. Судлаачдын үзэж байгаагаар тус мөсөн уул нь 1636 хавтгай дөрвөлжин км талбайтай, 210 метр зузаан бөгөөд 347 тэрбум тонн жинтэй аж.
Улмаар эрдэмтэд Лос Анжелес, Лондон хотоос том хэмжээтэй уг мөсөн уулыг хянаж, ажиглаж эхэлжээ. Учир нь энэ нь далайн тээвэрлэлтэд аюул учруулж болзошгүй юм.
Австралийн Антарктидын хөтөлбөр, Далай болон Антарктидын судалгааны хүрээлэн, Далай судлалын хүрээлэнгийн эрдэмтэд 20 жилийн турш D-28 уулыг сайтар ажиглаж ирсэн бөгөөд хэдэн жилийн өмнө үүнийг хуваагдана гэж тооцоолж байв.
"Бид анх 2000-аад оны эхээр мөсөн уулын урд хэсгийн цуурлыг анзаарч түүнийг 2010–2015 оны хооронд хуваагдана гэж таамаглаж байсан" гэж профессор Хелен Аманда Фрикер хэлэв. Мөн тэрбээр "Энэ олон жилийн дараа бид энэ үйл явдлыг харж байгаадаа баяртай байна. Бид ийм зүйл болно гэдгийг урьдчилан мэдэж байсан. Гэхдээ бидний таамаглаж байснаас арай өөр байсан" гэж нэмж дурджээ.
Энэ мэдээ нь цаг уурын өөрчлөлтийг судалдаг хүмүүст хамааралтай хэдий ч эрдэмтэд энэхүү үйл явцыг хэвийн үзэгдэл хэмээн мэдэгдэв. Тэд уг процессыг байгалийн эргэлт гэж үзсэн бөгөөд үүнийг далайн түвшний өсөлтөд шууд нөлөөлөхгүй гэжээ.