Хятадын төр Уйгурчуудыг тагнахын тулд Азийн үүрэн телефоны компаниудыг хакерджээ
Хятадын засгийн газарт ажилладаг хакерууд Төв болон Зүүн өмнөд Азид зорчиж буй уйгур аялагчдыг тагнан мөшгих зорилгоор харилцаа холбооны компаниудын сүлжээнүүд халдсан тухай халдлагыг мөрдөн шалгасан тагнуулын болон аюулгүйн байдлын ажилтнууд Ройтерст мэдээлжээ.
Энэхүү халдлага нь дипломатууд болон гадны цэргийн мэргэжилтнүүд зэрэг “өндөр ач холбогдолтой хүмүүс”-ийг онилсон өргөн хэмжээний кибер-тагнуулын ажиллагааны нэг хэсэг гэж эх сурвалжууд хэлсэн байна. Мөн түүнчлэн Хятад улс өөрийнх нь хувьд аюулгүй байдлын эрсдэл гэж тооцогдож буй үндэстний цөөнх болсон уйгурчуудыг тагнан мөшгих үйл ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгаа ажээ.
Хятад улс нь Шинжаанд “дахин хүмүүжүүлэх лагерь”-ууд байгуулах, өргөн хүрээтэй ажиглалт хяналтын тогтолцоо бий болгох зэрэг уйгурчуудын эсрэг явуулж буй бодлогынхоо улмаас олон улсын зүгээс өргөн хэмжээний шүүмжлэлд өртөөд байгаа юм. Гэвч уйгурчуудын эсрэг хийж буй энэхүү кибер халдлага нь Бээжингийн бодлого аль хэдийнэ бодит хил хязгаарыг даван кибер ертөнцөд хэрэгжиж байгааг харуулж байна.
Дээрх эх сурвалжуудын мэдээлснээр бол энэхүү халдлагын хүрээнд хятадын өөр өөр хакерын бүлгүүд Турк, Казахстан, Энэтхэг, Тайланд, Малайз улсуудын харилцаа холбооны компаниудтай харилцан тохиролцсон ажээ. Учир нь хүний эрхийн төлөөх идэвхтнүүдийн хэлснээр эдгээр орнууд нь мөрдлөг хавчлагаас зугтаж буй уйгурчуудын хувьд Шинжаанаас Турк уруу зорчих замын гол дайран өнгөрдөг цэгүүд юм байна.
Энэ талаар харин Бээжингийн зүгээс тийнхүү зорчигчид нь Ирак, Сирид очин террорист бүлэглэлүүдэд нэгдэхээр явж байж болзошгүй гэж мэдэгдсэн байна. Мөн түүнчлэн хятадын албаныхан Шинжаанд авч буй арга хэмжээнүүд нь исламын эстремизмийн аюулыг таслан зогсоох зорилготой гэжээ.
Уйгурчуудын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэх гадны шүүмжлэлийг Хятад улс удаа дараа үгүйсгэсээр ирсэн. Хятадын Гадаад Хэргийн Яамнаас уйгурчуудын шашин болон соёлын эрх ашиг бүрэн хамгаалагдсан байдаг хэмээн мэдэгдээд хакердсан гэх аливаа нэг шүүмжлэл нь баримтаар нотлогдох ёстой гэжээ.
Ройтерын зүгээс харилцаа холбооны ямар компаниуд хакеруудтай харилцан тохиролцсоныг тогтоож чадаагүй байна. Тэдний зүгээс тавьсан хүсэлтэд Энэтхэг, Тайландын засгийн газрын албаныхан хариу өгөхөөс татгалзсан бол Малайз, Казахстан, Туркийн албаныхан цаг тухайд нь хариу өгөөгүй ажээ.
АНУ-ын кибер аюулгүй байдлын Volexity компани Хятадын зүгээс дэлхий даяар уйгурчуудын утас болон электрон шууданг хакердах оролдлогыг хэрхэн хийсэн талаарх тайланг өнгөрсөн 9–р сард гаргажээ.
Мөн Google компанийн судлаачид үл мэдэгдэх этгээдүүдийн зүгээс мянга мянган Apple-ийн Iphone утсанд халдах оролдлого хийснийг илрүүлсэн бөгөөд эх сурвалжууд халдлагын бай нь уйгурчууд байсан гэж Forbes болон TechCrunch-д мэдэгдсэн байна.
Харилцаа холбооны компаниуд хувийн мэдээлэл, байрлал, хэлхээ холбоо зэрэг асар их хэрэглэгчдийн үнэ цэнэтэй мэдээллийг хадгалж байдаг тул хэзээнээс нааш тагнуулын албадын бай байсаар ирсэн. Барууны албаныхан Хятадууд 5000 шахам уйгурчуудыг Ирак, Сири дэх зэвсэгт бүлгүүдэд тулалдаж байж магад бөгөөд Хятадад буцан ирж халдлага дайралтууд үйлдэж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа нь кибер халдлага хийх нэг шалтгаан гэж хэлсэн байна.
Мөн түүнчлэн АНУ-ын FireEye болон АНУ-Израйлийн Cybereason кибер аюулгүй байдлын компанийн мэргэжилтнүүд нь хятадын хакерууд Зүүн өмнөд Азийн харилцаа холбооны компаниудын сүлжээнд нэвтрэн террорист халдлага, цэргийн өндөр цол зэрэг болон хятадын улс төрчдийн нэртэй холбоотой түлхүүр үг бүхий мессеж, мэдээлэл олох зорилготой вирус тараах мөн Call Detail Record (CDR) буюу ярианы дэлгэрэнгүй бичлэгийг маш эрчимтэйгээр эрэн хайдаг болсон гэж энэ жил нийтэлсэн үйл ажиллагааны тайландаа дурдсан байна.