АНУ-ын Худалдааны яам БНХАУ-ын Шинжаан мужид Уйгуруудын эрхийг зөрчсөн хэрэгт буруутгагдаад буй 28 хятад байгууллагыг хар жагсаалтад оруулжээ.
Учир нь БНХАУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тус 28 байгууллагыг АНУ-ын гадаад бодлогын ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаа явуулдаг гэж үзжээ. Мөн тэднийг Шинжаан - Уйгурын өөртөө засах орны муслим үндэстний цөөнх болсон уйгур, казах зэрэг иргэдийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг гэж тодорхойлсон байна.
Одоо эдгээр байгууллагууд нь Вашингтоны зөвшөөрөлгүйгээр АНУ-ын компаниудаас бүтээгдэхүүн худалдаж авахыг хориглодог аж ахуйн нэгжийн жагсаалтад орсон ба үүнд Шинжаан мужийн Олон нийтийн аюулгүй байдлын товчоо, засгийн газрын бусад 19 жижиг агентлагууд багтсан байна.
Энэ жагсаалтад Hikvision, Dahua Technology болон Megvii Technology орсон бөгөөд тэдгээр нь бүгд нүүр царай таних технологид мэргэшсэн байгууллагууд аж. Hikvision бол дэлхийн хамгийн том хяналтын төхөөрөмж үйлдвэрлэгчдийн нэг юм.
Шинжаан – Уйгурын өөртөө засах орон нь БНХАУ-ын баруун хойд хэсэгт байрладаг бөгөөд муслим шашинтай уйгурчууд хүн амын ихэнхийг бүрдүүлдэг.