Өвчин хийсэж биш хэлж ирдэг!
Бид аливаа асуудлыг өөртөө биш бусдад нялзаах хандлагатай байдаг. Тухайлбал, хүмүүс өөрсдийн эрүүл мэндээ төрд даатгаж, өвдсөн хойноо ниргэдэг болсон билээ. Угтаа бол хүний биеийн өвчлөлийн 90 хувь нь тухайн хүнээс өөрөөс нь хамааралтай байдаг ажээ.
Орчин үед техник технологи хөгжсөн өнөө цагт жилдээ нэг удаа эмчийн үзлэгт ороод шинжилгээ өгдөг хүмүүс бараг л үгүй гэхэд хилсдэхгүй. Ямар ч өвчнийг анхан шатанд нь буюу хэт хүндрээгүй үед нь эмчилж эхэлбэл үр дүнтэй байдаг. Гэтэл бид аажмаар илэрдэг өвчний шинж тэмдгүүдийг тоолгүй явсаар эцсийн шатанд нь эмнэлгийн хаалга татсаар байна.
Тэгээд л төр засгаа, эмч нараа муулж гарна.
Монголын эрүүл мэндийн тогтолцоонд маш их асуудал байгаа ч бид юу юунаас илүү өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй байна. Хэрвээ биед тань ямар нэг өөрчлөлт орж, мэдэгдэхүйцээр хямарч байвал өвчин намдаах эм уулгүйгээр эмнэлэгт хандаж, нарийн шинжилгээ өгч хэвших хэрэгтэй. Мэдээж энэ нь зарлагатай мэт санагдаж болох ч та дараа нь хэтэвчээ илүү хоослохгүйн тулд энэ сонголтыг хийх л ёстой.
Ямарваа нэг өвчний шинж тэмдэг хэдэн сарын турш зовиурлан удаанаар илрэх нь бий. Энэ нь өнөөх өвчин чинь танд "Би ирж байна шүү" гээд сануулаад байгаа хэрэг. Харин үүнийг бид нэг их тоодоггүй нь харамсалтай.
Монголд урьдчилсан сэргийлэх үзлэг эмчилгээний асуудал маш хоцрогдолтой байдаг. Гэхдээ сүүлийн үед хувийн болон улсын эмнэлгүүд үүнд анхаарч үнэ төлбөргүй олон үзлэг шинжилгээнүүдийг улирлын чанартайгаар зохион байгуулах болсон.
Тэгэхээр бид "Өвчин хийсэж" ирдэг гэх сэтгэхүйнээсээ салж хэлж ирдэг өвчнүүдийг цаг тухайн бүрд нь оношлуулж, илрүүлэх шаардлагатай байгаа юм.
Эрүүл байна гэдэг хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээсэн хамгийн том үүрэг билээ. Та өөрийнхөө болон гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө жилдээ нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, шижигтэй шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд залхууралгүй нарийн шинжилгээ өгч хэвшээрэй.
О.Баяраа
Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.