Японы хүн амын тоо 2065 он гэхэд 88 сая болж буурах төлөвтэй байна
Японы төрөлтийн хямрал улам хүндэрч байгаа бөгөөд энэ оны эхний долоон сарын байдлаар 30 жилийн хугацаан дахь хамгийн бага төрөлт бүртгэгдсэн болохыг CNN мэдээлэв.
Энэ жилийн 1-ээс 7-р саруудад төрөлт 5.9% -иар буурч, нийт тоо 518.590 болж, хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдийн тоо багасаж, олон эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхээ хойшлуулж, эсвэл огт хүүхэдтэй болохоо больсон гэдгийг Японы Эрүүл мэнд, Хөдөлмөр, халамжийн яамнаас мэдэгджээ.
2018 оны хувьд улсын хэмжээнд албан ёсны төрөлт 918,397 байсан бөгөөд үүнд Япон дахь гадаадын иргэдийн төрөлт болон гадаадад төрсөн япон нярай хүүхдүүдийг оруулаагүй болно.
Хүн ам, нийгмийн судалгааны үндэсний хүрээлэнгийн төлөөлөгч Ясуши Минэшима "Төрөлт таамаглаж байснаас илүү хурдан багасаж байна" гэж хэлэв.
Японы төрөлт 1970-аад оны сүүл үеэс эхлэн буурч эхэлсэн ба 2005 онд төрөлтийн индекс 1.26-д хүрч өсөж байсан боловч засгийн газрын тоо баримтаас харахад 2016 онд дахин унаж эхэлжээ.
Хүн амын тоог тогтвортой хангахын тулд дээрх түвшин нь 2.1 байх шаардлагатай аж. Өнгөрсөн онд энэ нь АНУ-д 1.72 байсан бол Өмнөд Солонгост ердөө 0.98 байжээ.
Төрөлт буурсан шалтгаануудад төрөх насны эмэгтэйчүүдийн тоо буурсан, эмэгтэйчүүд ажил хийх шалтгаанаар жирэмслэх хугацаагаа хойшлуулж байгаа, хүмүүсийн гэрлэлт багассан зэрэг шалтгаанууд багтсан байна.
Хэрвээ энэ байдал арилахгүй бол Японы хүн амын тоо 2065 он гэхэд 88 сая болж буурах төлөвтэй байгаа аж.