Ард түмний Ерөнхийлөгч ард түмнээсээ асуухгүй гэсэн...
Гуравхан үгэнд танигддаг хүн гэж бий. Гуравхан алхмаараа танигддаг Ерөнхийлөгчтэй улс даа, манайх. Одоо тэгээд өхөөрдөөд суух уу, өрөвдөөд байх уу? Мань эр Ерөнхийлөгч болсныхоо дараахан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах цаг ирснийг сануулан УИХ-ын нэгдсэн хуралдаанд үг хэлсэн байдаг юм.
Түүний үг ч нөлөөлсөн биз, цаг үеийн шаардлага ч тулж ирснийх, нөгөө муу хэлүүлж модоор цохиулж байдаг парламент маань зунжин ноцолдож, намаржин зүтгэсээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үгчлэн бэлдэв. Муу өөрчлөлт болсон гэж хэлэхгүй. Хэд хэдэн дорвитой өөрчлөлт орж ирсэн. Стратегийн орд газруудын дийлэнх хувь Монголын төр болон нийтийн өмч байхаар тусгасан. УИХ-н гишүүдийн хариуцлагыг чанаржуулах, эргүүлэн татах механизм нэг алхам урагшилсан. Засгийн газрын гишүүдийн давхар дээлийн 70 орчим хувийг шувталж хаясан. Шүүхийн хяналтын хороо байгуулж, шүүгчийг эргүүлэн татах боломжийг хуульчилсан.
Ерөнхийлөгчийн хэт их эрх мэдлийг хязгаарлаж, гүйцэтгэх засаглалын ачааг нэмсэн...энэчлэн өнөөгийн нөхцөлд байж болох өөрчлөлтийг зориг гарган тусгасан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг аль ч сайтаас олж аваад, хуучинтай нь тулган уншаад олж харж болно. Эцэг хуульд хийх гэж буй нэмэлт өөрчлөлт гишүүд, сэтгүүлчид, хэдэн хуульч, эрдэмтдэд хамаатай асуудал биш. Эх орноо үр хүүхэддээ үүрүүлээд, өвлүүлээд үлдээх хүн бүрийн сонирхон судлах ёстой баримт бичиг. Монгол улсын дараагийн хагас зууны амьдрал хөгжил, алдаа оноог тодорхойлох тулгуур зүг чиг. Гэтэл гэнэт л манай энхрий хайрт Ерөнхийлөгч өөрийн хувилбарыг тулгав.
Тэр нь эдүгээ эдэлж буй эрх ямбаа бүгдийг хэвээр хадгалж, дээр нь шүүхийн хараат бус байдлыг шууд өөрөөсөө хамааралтай хэвээр үлдээх гэсэн илэрхий зүйл заалтуудыг шургуулсан байв. Үүнийг дурын сайтуудаас татаад харж болно. Ерөнхийлөгч болон, УИХ-ын хувилбарыг зөвшилцөн хэлэлцээд, сүүлийн хувилбарыг ард түмнээс сонгогдсон парламент боловсруулсан. Ийнхүү Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтээр хэлэлцүүлэн санал авахад бэлэн болов. Тэгсэн манай хөөрхөн Ерөнхийлөгч "Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих үү, парламентийн засаглалыг дэмжих үү?" гэсэн асуулгыг хамт явуулна гээд дөрвөн мөчөө саваад ойччихдог байгаа.
Бүр байдгаараа бархирч, баруун солгойгүй шал балбаад эрх хүүхэд шиг уруулаа унжуулсан. Саналыг нь хүлээж аваагүйн төлөө УИХ-ын 73 дугаар тогтоол буюу ард нийтээс санал асуулга авах шийдвэрт хориг тавьчихдаг байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх явцад мань эр хэд хувирсныг мань нь биш гэхэд Майдар бурхан тоолсон байлгүй. Уг нь саяхан л морины хүүхэд үнсэж байгаа зургийг нь тавиад гайгүй сайн магтсан. Тэгэхнээ шударсан үгээрээ шулга хүүхэд шиг өөрийгөө болон шунал хүслээ гурав алхалгүй таниулаад байх юм. Яамаар ч юм бэ дээ, энэ хүнийг. Ямартай ч ард түмний Ерөнхийлөгч ард түмнээсээ асуухгүй гэв. Гайхалтай нь УИХ, тэр дундаа нөгөө Баттулгад гарал үүслээрээ дуудуулан байж ялагдал хүлээсэн Миеэгийн фракц бүтнээрээ хоригийг дэмжив.
Дэмжихээр барахгүй Хүрэлсүхийг унагаж аваад, дараа нь байгуулах Засгийн газрынхаа сайдын сэнтийг бусдадаа амлаж ордноор ил, далд гүйлдээд зөндөө бужигнуулав. Одоогийн Засгийн газрын зарим гишүүд хуралд суулгүй бултаж, хэн болохоо таниулав...Энэ бүх өөрчлөлтийг эхлүүлж, МАНАН-гийн хонгилыг нураах гэж зүтгэсэн МАН-ын алдарт 33-ын бүлэг хэд хуваагдаж, хэдэн эрх ашигт хүлэгдэв. Үүний цаана юу л явагдаад байна даа? Монголчууд алгуураар дарангуйллын системд хөл тавих эхний алхам энэ өдрүүдэд хийгдэж байна уу? Нэг л өдөр нөгөө санал асуулга чинь засаглалын сонголт болчихсон ороод ирэхэд гайхах юм алга.