Хойд Солонгос, ОХУ дипломат харилцаа тогтоосны 71 жилийн ойгоо тэмдэглэжээ
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Владивостокт болсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ба Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалтын дараа хоёр талын харилцаа улам сайжирсан гэж Хойд Солонгосын Гадаад хэргийн дэд сайдын орлогч Им Чон Ил лхагва гарагт мэдэгдсэнийг ТАСС мэдээллээ.
Хойд Солонгосын Гадаад хэргийн дэд сайдын орлогч Им Чон Ил Зөвлөлт Холбоот Улс ба БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 71 жилийн ойг тэмдэглэж Пхеньян дахь Оросын элчин сайдын яаманд үг хэлсэн байна.
Тэрбээр "Түүхэн дээд хэмжээний уулзалтын дараа БНАСАУ, ОХУ нь улс төр, эдийн засаг, урлаг соёл, батлан хамгаалах зэрэг салбарууд дахь харилцаагаа улам өргөжүүлсэн. Мөн бид дээд хэмжээний уулзалтаар бататгасан ажлуудаа бодитоор хэрэгжүүлэхээр ажиллаж байна" гэж хэлэв.
Үүнээс гадна Им Чон Ил "Дипломат харилцаа тогтоосны 71 жилийн ойд зориулсан Пхеньянд болсон баярын арга хэмжээнд Холбооны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах агентлагийн дарга Михаил Сеславинский тэргүүтэй Оросын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцсон. Энэ нь БНАСАУ-Оросын харилцаа улам бэхжиж байгааг харуулж байна" гэж нэмж дурдав.
Зөвлөлт Холбоот Улс ба Хойд Солонгос нь 1948 оны 10-р сарын 12-нд дипломат харилцаа тогтоож байжээ.