Дорноговь аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Нутгийн зөвлөлийн дэмжлэгээр “Илүү сайхан ирээдүйн төлөө” уриан дор “1000 ээжийн чуулга уулзалт” энэ сарын 8-нд боллоо.
Уулзалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан болон УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайдын гэргий Гурмеет Каур, аймгийн удирдлагууд болон 14 сумдын 1000 гаруй эмэгтэйчүүд, ээжүүд оролцлоо.
Уулзалтаар гэр бүлийн үнэ цэн, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн нар илтгэлүүдийг хэлэлцүүлсэн ба хөгжлийн бэрхшээлтэй иргэд, давхар хамаарлын бүлэг, АСА бүлэг, өсвөр насны охидын төлөөлөлүүд дуу хоолойгоо илэрхийлж, уриалга гаргалаа.
Мөн эрхэлсэн салбартаа үр бүтээл гарган бусдыгаа манлайлан ажиллаж буй эмэгтэйчүүдийг шагнаж урамшуулсан байна.