Германд еврейчүүдийн эсрэг зэвсэгт халдлага гарч, 2 хүн амиа алджээ
Лхагва гарагт орон нутгийн цагаар 12:00 цагт Германы зүүн хэсэгт еврейчүүдийн баярыг хэдэн арван хүн тэмдэглэж байхад зэвсэглэсэн этгээд сүм рүү халдаж 2 хүнийг хороосон болохыг BBC мэдээлжээ.
27 настай Германы иргэн баривчлагдахаасаа өмнө халдлагаа алдартай шууд дамжуулалтын Twitch платформ дээр цацсан байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг ганцаараа халдлага үйлдсэн гэж мэдэгдэв.
Германы Дотоод хэргийн сайд Хорст Сехофер "Гэмт хэрэгтнийг хэт барууны үзэл сурталтай нэгэн болохыг батлах баримтуудыг прокурорууд олсон" гэж хэлсэн байна.
Түүний хийсэн видео одоо устсан бөгөөд бичлэг дээр гэмт этгээд цэргийнх шиг хувцас өмсөж, халдлагын үеэр хэд хэдэн зэвсэг ашигласан нь бичигдсэн байжээ.
Энэхүү хэргийн дараа Германы канцлер Ангела Меркель сүмд очиж хохирогсдын дурсгалыг хүндэтгэсэн юм.
Мөн Брюссель хотод болсон Европын парламентын үеэр гишүүд нэг минутын турш чимээгүй эмгэнэл илэрхийлэв.
Европын холбооны Ерөнхийлөгч Жан Клод Юнкер тус халдлагыг буруушааж "Харгис хэрцгий дайралтаас би цочирдлоо. Хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна" гэж твиттер хуудсандаа жиргэжээ.
Харин Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху үүнийг "террорист халдлага" гэж тодорхойлж, Европт антисемитист үзэл нэмэгдэж байгааг анхааруулав.
Тэрбээр "Би Германы эрх баригчдыг антисемитист үзлийн эсрэг тууштай арга хэмжээ авахыг уриалж байна" гэж бичжээ.