Японд хар салхины улмаас 5 хүн амиа алдаж, 11 хүн сураггүй болжээ
Сүүлийн 50 жилд байгаагүй хүчтэй далайн хар салхи Японы арлуудыг дайрсны улмаас 5 хүн амиа алдаж, 11 хүн сураггүй болжээ.
"Хагибис" нэртэй хар салхины хурд хамгийн ихдээ 225 км/цаг хүрч, улмаар голууд үерлэж, хөрсний нуралт үүссэн байна. NHK-ийн мэдээлснээр Япон даяар 270,000 өрх гэрэл цахилгаангүй болсон байна.
Өмнө нь Японы Хоншю арлын 6 сая оршин суугчдад яаралтай орхин нүүх зөвлөмж хүргүүлээд байв.
Хар салхи Токио хот орчим болон зүүн хойд бүс нутгийг дайрсныхаа дараа Японы арлуудыг орхиж, Номхон далайн гүн рүү шилжиж байна.
Өнөөдөр өглөөнөөс эхлэн Токио хот, Японы төв болон зүүн бүс нутгуудад онц байдлыг хэсэгчлэн цуцалж, хурдан галт тэрэг, метроны үйлчилгээнүүд хэвийн явагдаж эхэлжээ.