Өнгөрсөн амралтын өдрүүдэд Японы төв ба зүүн бүсэд болсон "Хагибис" хар салхины улмаас амь үрэгдсэн хүний тоо 40-д хүрч, 16 хүн сураггүй алга болсон гэж NHK суваг даваа гарагт мэдэгдсэн байна.
Мөн 30.000 гаруй хүн гамшигт нэрвэгдэж гэр оронгүй болж, хоргодох байруудад байрлаж байна гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ гамшгаас хамгаалах төв штабын хуралдаан дээр хэлжээ
Тэрбээр "Олон хүн сураггүй алга болсон тул аврагчид эрэн хайх, аврах ажиллагааг цаг алдалгүй үргэлжлүүлж байна. Бид хар салхины улмаас маш их хохирол амссан. Одоо 30.000 гаруй хүн гэр оронгүй болж, хоргодох байруудад амьдарч байна" гэж мэдэгдэв.
Абэ гамшигт өртсөн газруудын усан хангамж, цахилгаан эрчим хүчийг сэргээж, нүүлгэн шилжүүлэх төвүүдийн нөхцөл байдалд хяналт тавьж, туслалцаа үзүүлэх бүлэг байгуулахыг зарлажээ.
Аврагчид, хар салхинд нэрвэгдсэн газруудын дэд бүтцийг сэргээхээр ажиллаж байна. Токио болон бусад мужуудад 53.000 орчим байшин цахилгаангүй байна. Улс орон даяар 130.000 гаруй орон сууц, байшин барилга усан хангамжгүй болжээ.
Төмөр замын тээврийн хэрэгсэл, тэр дундаа Шинкансен хурдны галт тэрэг өдрийн цагаар хуваарийн дагуу явж байна. Ням гарагт галт тэрэгнүүд олон шугамаар удаан хугацааны давтамжтайгаар явсан бол даваа гарагт Токиогийн нисэх онгоцны буудлууд Нарита, Ханеда нь ердийнхөөрөө нислэг үйлдсэн байна.
Бямба гарагт "Хагибис" хар салхи Японы эх газраар дайрсан учраас Токио хотод онцгой байдал зарлажээ. "Хагибис" хар салхи нь Номхон далайд үүссэн энэ жилийн хамгийн хүчтэй хар салхи юм.