Өмнөд Солонгосын Хууль зүйн сайд гэр бүлийнхнийхээ холбогдсон авлигын хэргээс болж огцорлоо
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Иний нийгмийн асуудлын зөвлөхөөр ажиллаж байсан Чо Гүг нь хууль эрх зүйн салбарын шинэчлэлийг урагш ахиулах гол хүн гэж өргөмжлөгдөж байсан хэдий ч тэрбээр даваа гарагт буюу өнөөдөр огцрохоо мэдэгдсэнийг Yonhap агентлаг мэдээллээ.
Тэрбээр "Би прокурорын байгууллагад шинэчлэл хийхийн төлөө ажиллаж байсан. Гэхдээ одоо ингээд гүйцэтгэх үүрэг маань дуусгавар болж байна" гэж хэлэв. Түүний гэнэтийн мэдэгдэл нь сайдаар томилогдсоноос нь хойш бараг сарын дараа болж буй юм.
Хэдхэн цагийн өмнө Чо сайдаар ажиллаж байхдаа прокурорын байгууллагыг шинэчлэх арга хэмжээний талаар хоёр дахь удаагийн хэвлэлийн бага хурлаа хийв.
Чо Гүг түүний гэр бүлийнхэнтэй холбоотой авлигын хэргийг шалгаж байгаа талаар дурсаад "Би гэр бүлийнхнийхээ нэр холбогдсон хэрэгтэй холбогдуулан ард түмнээсээ уучлалт гуйж байна. Гэхдээ би прокурорын байгууллагад шинэчлэлт хийхийн тулд Хууль зүйн сайдын хувьд өдөр бүр хичээн ажиллаж байсан. Гэхдээ одоо миний үүрэг дууслаа" гэж хэлжээ.
Тэрбээр "Одоо би бүх зүйлээ орхин, амьдралынхаа хамгийн хэцүү зовлон зүдгүүрийг туулж буй гэр бүлийнхэндээ анхаарал тавих болно" гэж нэмж дурдав.
Чо Гүгийн эхнэрийн охиноо их сургуульд оруулахын тулд бичиг баримт хуурамчаар үйлдэж, авлига өгсөн хэрэг олон нийтэд ил болж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлсэн.
Улмаар түүний эхнэр, охин, хүүг прокуророос дуудан байцаалт авсан ба Чо-гийн эхнэр болон их сургуулийн профессор Чунг нарын шүүх хурал ирэх баасан гарагт эхлэх аж.