Хойд хөршийн Эрхүү мужийн Ольхонский дүүргийн оршин суугчид эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр шоронд хоригдсон хотын захирагчаа хамгаалж байна. Улмаар тэд энэ оны 8-р сарын сүүлчээр Хужир тосгонд босгосон ОХУ-ын ерөнхийлөгч Путины хөшөөг буулгаж, эсэргүүцлээ илэрхийлэв.
Уг цээж баримлыг өнгөрсөн зун нутгийн иргэд өөрсдөө Путиныг "Үндсэн хуулийг сахиулан дээдлэгч"-ээр өргөмжилж босгож байсан юм.
Оршин суугчид ерөнхийлөгчийг бүс нутгийн тулгамдсан асуудал болон хотын дарга Сергей Копыловыг шударга бусаар хавчиж буй хэрэгт анхаарахыг хүсжээ.
2019 оны 6-р сарын 3-нд шүүх Ольхонскийн дүүргийн экс даргыг эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр гурван жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Мөн аравдугаар сарын 11-ний өдөр давж заалдах хүсэлтийг шүүх хэлэлцэж ялын тогтоолыг хэвэнд нь үлдээжээ.
Сергей Копыловыг шүүхээс Байгаль нуурын байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай бүсэд хайрга олборлож, хурдны замыг засах, газар түрээслэх замаар мөнгө олж, хууль зөрчсөн гэж үзсэн юм.
Гэвч Байгаль нуурын эргэн тойронд байрладаг газруудын хамгаалалтаас болоод дэд бүтцийн бүтээн байгуулалт явагдахгүй байгаад нутгийн иргэд, бизнес эрхлэгчид харамсаж байдаг аж.
Тэд Олхонскийн дүүрэгт олон жилийн турш хүлээгдсэн бүтээн байгуулалтууд болох эмнэлэг, цэцэрлэг, спортын цогцолбор, хатуу хучилттай зам, хог хаягдлын цэгийг байгуулж чадсан, бүх нийтийн саналаар сонгогдсон Сергей Копыловыг утгагүй шалтгаанаар буруутгаж, 3 жилийн хорих ял оноосон гэж үзэж байгаа юм.