АНУ, Туркийн талууд Сири дэх цэргийн ажиллагааг түр зогсоох тохиролцоонд хүрчээ
Туркийн арми 5 өдрийн хугацаанд цэргийн ажиллагаагаа түр зогсоож, курдын дайчдад ухрах боломжийг олгохоор болжээ.
Тодруулбал, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар Сирийн хойд хэсэгт байрлах Курдын армийг хилийн дагуу тогтоосон бүсээс гарах боломжийг олгох зорилгоор Анкараас Сирид явуулж буй цэргийн ажиллагааг 5 хоногт зогсоохоор тохиролцсон байна.
Пүрэв гарагт болсон 2 талын энэхүү уулзалт нь Туркийн Сирийг эзлэх ажиллагааг буруутгасан олон улсын болон АНУ-ын эсэргүүцэл улам бүр нэмэгдэж байгаа үед боллоо.
Пенс уулзалт дууссаны дараа үүнийг баталгаажуулж "Өнөөдөр АНУ, Турк улс Сирийн цохилтыг зогсоох талаар тохиролцов" гэж хэлэв. Мөн тэрбээр "Аюулгүйн бүс" буюу тусгаарлах шугам нь Туркийн хилээс өмнө зүгт 20 милийн зайд байна гэж нэмж дурджээ.
Пүрэв гарагт Трамп уг хэлэлцээрийг сайшааж, твиттер хуудсандаа: "Туркээс гайхалтай шийдвэр гаргалаа. Үүний ачаар сая сая хүний амь аврагдах болно" гэж жиргэжээ.
Аюулгүйн бүсийг Туркийн цэргийнхэн голчлон хамгаалах бөгөөд хоёр тал уг хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх аж.
Цэргийн ажиллагаа түр зогссоны дараа Трамп энэ долоо хоногийн эхээр Туркэд тавьсан хориг арга хэмжээг нь цуцлана гэдгээ мэдэгдэв.