Орос-Африкийн дээд хэмжээний уулзалтад 47 орны удирдагчид оролцоно
Ирэх долоо хоногт Сочи хотод болох Орос-Африкийн дээд хэмжээний уулзалтад 47 орны удирдагчид оролцоно гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдэгдсэнийг ТАСС мэдээллээ. Мөн зарим улс орнууд албан ёсны төлөөлөгчөө илгээх аж.
Дмитрий Песков "Нийт 47 орны удирдагч дээд хэмжээний уулзалтад оролцохоо баталгаажууллаа. Харин зарим улс орнууд төлөөлөгчөө илгээнэ гэдгээ мэдэгдсэн. Мөн Африкийн найман том интеграцын холбоо, байгууллагууд тус арга хэмжээнд оролцох болно" гэж хэлэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттал эль-Сиси нарын удирдан зохион байгуулж буй Орос-Африкийн дээд хэмжээний уулзалт 10-р сарын 23-24-нд Сочи хотод болно. Тэд нийт 54 улсын удирдагчдыг уулзалтад оролцохыг урьжээ.
Түүнчлэн дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн төрийн тэргүүнүүд, засгийн газрын агентлагууд, бизнес эрхлэгчид, интегралчлалын холбоодын төлөөлөл оролцох эдийн засгийн чуулга уулзалт болох аж.
Орос улс энэхүү уулзалтаар дамжуулан Африкийн орнуудтай шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна.