Хүүхдийн шүдний өвчлөлд эцэг, эхийн арчаагүй байдал хамгийн их нөлөөлдөг
Хүүхдийн шүдний цооролт нь чих, хамар, хоолойн үрэвсэлт өвчнүүд, амь насанд аюултай эрүү, нүүрний мэс заслын үрэвсэлт өвчний шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь өвчин, амьсгалын замын өвчлөлд хүргэх дам шалтгаан болдог.
Мөн шүдний үрэвслийн үед захын судасны эргэлтийн хямралын улмаас хүчил төрөгчийн хангамж эрс багасаж, эрүү, нүүр орчмын халдвар эсэргүүцэх чадвар буурч үрэвсэл үүсдэг.
Хүүхдийн эрүү, нүүр орчмын тунгалгийн булчирхайн үрэвслийн 67.5 хувь нь эрүү, нүүрний халдвараас шалтгаалж байгаа бөгөөд 5-6 насны хүүхдүүдэд энэ үзүүлэлт хамгийн их буюу гурван хүүхдийн хоёрт нь (67.3%) илэрч байна. Мөн хэлний хөвч богино байх эмгэг 38 хувь, шүлсний булчирхайн үрэвсэл 2.5 хувь, ясны хугарал 0,5 хувь, уруул тагнайн сэтэрхий 0.3 хувь байна.
Толбон цоорол/Macula cariosa/: Энэ нь өвчтөнд зовиургүй, зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрдэг бөгөөд шүдний бүрэн бүтэн байдал алдагдаагүй, цагаан болон хар өнгөтэй толбо байдаг.
Өнгөц цоорол/Caries superficialis/: Чихэрлэг болон исгэлэн зүйл идэхэд өвдөнө. Зарим хүнд өвдөлтгүй ч явагддаг. Шүдний паалангийн түвшинд бүрэн бүтэн байдал алдагдах буюу паалан барзгар болно.
Дунд цоорол/Caries media/: Дунд цоорол нь хурц ба архаг 2 хэлбэрээр явагдана.
-Хурц үед нь халуун хүйтэн, исгэлэн зүйлд мэдрэг болох бөгөөд шүдний хатуу эд зөөлөрсөн, цагаан өнгөтэй байна.
-Архаг үед өвчтөнд зовиургүй, тугалмай нь хатуу хар хүрэн өнгөтэй байна.
Гүн цоорол/Caries profunda/: Энэ үед шүд халуун хүйтэн, исгэлэн, чихэрлэг зүйл идэхэд, мөн цоорлын хөндийд хоол хүнсний зүйл ороход богино хугацаанд өвдөлт мэдэрнэ.
Аль ч цоорлын архаг нь удаан явцтай, хурц нь хурдан явцтай явагддаг учир яаралтай эмчид хандах хэрэгтэй юм.
Фтор болон кальци нь шүдэнд хамгийн тустай элемент юм. Эдгээр нь шүд хорхойтохоос сэргийлж, шүдний пааланг бэхжүүлэхэд нөлөөлдөг. Тиймээс та өдөр тутмын хүнсэндээ сүү, сүүн бүтээгдэхүүн, хатаасан жимс зэргийг хэрэглэх зүйтэй. Эдгээр хүнсэнд фтор болон кальци нь маш ихээр агуулагдсан байдаг. Далайн гаралтай бүтээгдэхүүн ч кальциар баялаг байдаг ба шүдний пааланг бэхжүүлэхэд алим, лууван, өргөст хэмх, зэрэг жимс ногоо ашигтай аж.
Шүдний пааланг хортой нөлөөллөөс хамгаалахын тулд фтор агуулсан оо хэрэглэх ёстой. Фтор агуулсан оо-нд байдаг пирофосфат хэмээх бодис нь шүдний чулуу үүсэхээс сэргийлдэг. Түүнчлэн амттан идсэний дараа шүдээ угаах эсвэл амаа зайлах, алим идэх зэрэг нь шүдний пааланг гэмтээхээс сэргийлдэг шилдэг арга юм.
Хүний эрүү нүүрний цогц системээс нэг л шүд авахад тэр системийн үйл ажиллагаа, байрлал алдагдаж гоо сайхны болон эрүүл мэндийн дараа дараагийн асуудлууд урган гарч ирдэг. Иймд шүдийг аль болох авахуулахгүй, сайтар эмчлүүлж байх нь зөв билээ. Шүдний паалан бол хүний биеийн ясан дахь хамгийн хатуу хэсэг учир, шүд нь дотроо хөндий үүсэн цоорч байгаад хамгийн сүүлд гаднах паалан нь эмтэрч унаж, цоорсон хөндий нь ил болдог. Тэгэхээр 6 сар тутамд эмчид үзүүлж, цоорлоос урьдчилан сэргийлж байх нь чухал.
Хамгийн чухал нь шүдээ хоол идсэний дараа 20-30 минут болоод угааж хэвших юм. Хоолны өмнө, өглөө өлөн элгэн дээрээ эсвэл яг унтахын өмнө оо-гоор угаах нь буруу хэвшил бөгөөд энэ нь хүний биеийн микро организмуудыг устгадаг байна.
Хүүхдийн шүдний өвчлөлд эцэг, эхийн арчаагүй байдал хамгийн их нөлөөлж байна.
0-7 насны хүүхдүүд бие даан шүдээ угаах чадваргүй байдаг. Хүүхэд бага ангид элсэн ороод үзэг, балаа зөв бариад гоё бичдэг болсон үедээ л бие дааж шүдээ угаах чадвартай болдог гэж мэргэжлийн эмч нар үздэг. Тэгэхээр хүүхдийг 0-9 нас хүртэл нь аав, ээж, эмээ, өвөө, асран хамгаалагч нар нь хараа хяналт тавьж шүдийг нь сайн угааж өгөх нь зүйтэй. Мөн тэдгээр хүмүүс шүдээ хэрхэн зөв угаадаг талаар мэдэгдэхүүн, чадвар, зөв хандлагатай байх хэрэгтэй. Амны хөндийн эрүүл мэндийн талаарх зөвлөгөөг мэргэжлийн эмчээс авах нь зүйтэй. Аль ч шүдний эмнэлгийн зөвлөгөө, тусламж нь үнэ төлбөргүй байдаг.
Тиймээс шүдний өвчлөл тухайн хүнээс болон эцэг, эхийн арчаатай байдлаас хамаарч байгааг ойлгож өөртөө болон үр хүүхдэдээ амны хөндийн эрүүл зөв хэвшлийг бий болгоё.
О.Баяраа
Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.