Мөнгөний төлөө бус мөрөөдлийнхөө төлөө тэмүүл!
Би хүн бүрийг "гялтганасан" мөрөөдөлтэй байгаасай гэж хүсдэг.
Хэн нэгэнд "чадахгүй" гэдэг үгээр дарлуулчихаад, ажлын ярилцлагадаа тэнцээгүй гэсэн хариу авчихаад, халаасандаа ямар ч мөнгөгүй алхаж байхдаа сэтгэлийн уг, тархины гүн дэх "гялтганасан" мөрөөдлөөрөө жигүүрлэн нүүрэндээ инээмсэглэл тодруулан маргаашаа угтах шиг сайхан зүйл хаа ч үгүй.
Гэхдээ эд баялаг, элбэг хангалуун амьдралыг бүү мөрөөд. Учир нь тэд бол элэгдэж, хуучирдаг "үнэтэй" мэт харагддаг хэрнээ хамгийн хямдхан зүйлс юм.
Юу үнэтэй вэ гэвэл таны зорилго, нэр хүнд, үр хүүхдэдээ үлдээх ген, зөв амьдралын ухаан, мөрөөдлөөс чинь бий болсон амжилт, элэг бүтэн аз жаргалтай амьдрал, үеэс үед өвлөгдөн дурсагдах зүйлс юм.
Хүн өөрт өгөгдсөнөөсөө илүү ихийг бүтээнэ гэдэг гайхамшиг байдаг. Харин хүн бүр гайхамшгийг бүтээх хүч чадалтай байдаг билээ.
Гагцхүү өөрийгөө олж нээж, хэн болох, юу хийх ёстойгоо л зөв тодорхойлох ёстой юм. Нэг л өдөр уйлаад ирсэн шигээ нулимс дуслуулан буцдаг хорвоод өөрийгөө танилгүй, өрөөлд тусгүй нэгэн байж байгаад үхнэ гэдэг дэндүү хайран биш гэж үү?
Хүмүүс "Бид ганц л амьдарна" гэж ярьдаг. Угтаа бол, бид өдөр бүр амьдарч, нэг л үхнэ шүү дээ.
Тэгэхээр юуны төлөө, яг яах гэж амьдраад байгаагаа тухайн хүн өөрөө олж мэдэх ёстой юм. Хэн ч хэний ч өмнөөс амьдардаггүй хорвоод хамхуул шиг нааш цааш хийсэж байх шиг гунигтай зүйл хаа ч үгүй.
Ялангуяа залуучууд мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Их сургуулийн диплом авахын тулд мэргэжил эзэмшдэг хуучирсан сэтгэлгээг хаяж, үнэхээр чин сэтгэлээсээ хүссэн зүйлээ сурч, түүнийхээ төлөө шаргуу тэмцэж, бүдэрч унасан чулуу бүрийг тоолох биш тэдгээрийг дээш өгсөх шат болгож өөдөө тэмүүлэх ёстой юм.
Мөнгө чадварыг дагаж ирдэг учир мөнгөний төлөө гүйх хэрэггүй. Харин өөрийгөө хөгжүүлж, хүсэл тэмүүллийнхээ зүг рүү зүтгэ.
Тууштай хичээл зүтгэл, зөв сайхан бодлын үр дүн хэзээ ч муу руу хөтөлдөггүй. Үүнийг уншиж буй мөрөөдөлтэй хүн бүрд амжилтын дээдийг аз жаргалын хамтаар хүсэн ерөөе.
Э.Анударь
Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.