Монголын Хуульчдын холбооны ээлжит IV Их хурал энэ сарын 26-нд болж өндөрлөлөө. 525 хуульч төлөөлөгчөөр оролцсон тус хурлаар Хуульчдын холбооны ерөнхийлөгчийг сонгож, чөлөөлөх асуудлыг хэлэлцжээ.
Ерөнхийлөгчийн албыг хашихаар хуульч Н.Ариунболд, Н.Баасанжав, Ж.Батзоригт, Б.Өнөмөнх нар нэрээ дэвшүүлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулснаас Б.Өнөмөнх олонхийн саналаар сонгогдсон байна. Тэрбээр мөрийн хөтөлбөртөө "Эе эвийг сахих", "Нийтийн оролцоог хангах", "Мэргэжлийн байх", "Нөлөө бүхий байх", "Бүтээлч байх" гэсэн үндсэн таван зарчмыг мөрдөхөөр тусгаснаас гадна хуульчдын нийтлэг эрх ашиг, сонирхлыг хамгаалан хангах, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, өөрөө удирдах ёсны жишиг болсон нөлөө бүхий байгууллага болон хөгжих бодлого, чиглэлийн хүрээнд хийгдвэл зохих ажлуудыг бүрэн хамрах зорилго тавьжээ.
Хурлын үеэр 2017 онд ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Ж.Хунан шинэ ерөнхийлөгчид үүрэгт ажлыг нь шилжүүлэн өгчээ. Хуульчдын холбооны ерөнхийлөгчийг хоёр жилд нэг удаа сонгодог байна.