Хайрлуулах бус хайрлах нь илүү чухал
Хайр гэж юу вэ гэх асуултад хүн бүр өөр өөрөөр хариулдаг. Өөр өөр хариулж байгаагийн шалтгаан нь хүмүүсийн хайрласан болон хайрлуулсан мэдрэмж ялгаатай байдагтай холбоотой.
Зарим нь бага наснаасаа эхлэн хайранд умбаж өссөн байхад зарим нь хайрыг бус хатуужлыг мэдэрч хүн болсон байдаг.
Гэхдээ хайрлуулж үзээгүй хүн хэн нэгнийг хайрлаж чаддаггүй гэдэгтэй санал нийлмээргүй санагддаг юм. Учир нь хайрыг хайрлуулсан нь бус хайрласан нь илүү ойлгож, мэдэрдэг жамтай ажээ.
Угтаа бол хүнд өгөх хайргүй хүн мянга "хайртай" гэж хэлээд нэмэргүй шүү дээ. Үүнийг хамгийн энгийнээр эхийн хайртай зүйрлэж болох юм. Эмэгтэй хүн ээж болоод өөрийнхөө ээжийг ихэд хайрлаж, ойлгож, өрөвддөг гэдэг. Учир нь тэр хүн өөрөө ээж болоод үр, хүүхдээ хайрлах сэтгэлийг мэдэрч, хүн хайрлах ямар байдгийг ойлгосон хэрэг шүү дээ. Хайрлуулж л үзсэнээс хайрлах ямар байдгийг мэдрээгүй явснаа магадгүй ээж болоод л ухаардаг байх.
Яг үүнтэй адил хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж үзсэн хүн л хайр гэж юу вэ гэх асуултад үнэн зөв хариулж чадна.
Бид хайрыг хэтэрхий холоос хайж, бусдаас хайр хүсэж байгаа нэрийдлээр өөр зүйлийг шаарддаг. Үнэндээ хайр бидний эргэн тойронд, хажууд, нүдэнд ил байдаг юм. Гагцхүү таны харах өнцөг л бүгдийг шийднэ.
Хэн нэгний халамжилсан үгс, хамгаалсан үйлдэл бүр хайрын илэрхийлэл байдаг ч бид түүнийг анзаарах нь ховор. Мөн хариу нэхдэггүй ганц зүйл бол хайр байдаг гэдгийг хүмүүс хүлээн зөвшөөрч чаддаггүй.
Тэгэхээр хэрвээ та хэн нэгнийг хайрласныхаа төлөө хариу нэхэж, ялархаж байдаг бол өөрийгөө "хүн хайрлаж сураагүй" байна даа гэж дүгнээрэй.
Мөн та хайрлуулж үзсэн бол яг одоо бусдаар хайрлуулж байгаа бол өөрөөсөө "Би тэднийгээ эргүүлж хайрлаж чадаж байна уу" гээд асуугаад үзээрэй. Магадгүй та 100 хувь өөртөө итгэлтэйгээр хариулж чадахгүй байвал өөрийг тань хайрлаж байгаа хүн бүрийг таныг яаж хайрлаж байгааг анхааралтай гэгч нь ажиглаад үзээрэй.
Тэр цагт та хайрлуулах бус хайрлах нь илүү чухал болохыг ойлгох болно шүү. Үүнийг уншиж буй та амралтын өдрөө хайртай хүмүүстэйгээ сайхан өнгөрүүлээрэй.
Н. Чимгээ
Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.