Хүний эрхийн үндэсний комиссоос өчигдөр дөрвөн хүүхдийн амь насыг аварсан иргэн С.Хишигдалай, Д.Баасандоо нарыг “Хүний эрхийн төлөө” тэмдгээр шагналаа. Уг шагналыг 100 мянган төгрөг дагалддаг аж.
Иргэн С.Хишигдалай энэ сарын 5-6-нд шилжих шөнийн 04:00 цагийн үед таксинд явж байхдаа Чингэлтэйн эцэст хүн хүргэж өгчээ. Үйлчлүүлэгчээ буулгаж байх үед хүүхдийн "Авраарай, туслаарай" гэх дуу сонсогдсон байна. Ингээд тэд хүүхдийн дуу сонсогдсон зүгт очтол эсгий гэр шатаж, тооноор нь гал гарч байжээ.
Хашаанд гүйгээд ортол өөдөөс нь арав гаруй насны хүүхэд бага насны дүүгээ тэврээд гэрээсээ гарч ирж байсан аж. Гэр дотор дахиад хүүхдийн дуу гарсан тул шууд зөрж оржээ. Тухайн үед гэр дотор 7, 8 настай болов уу гэмээр хоёр хүүхэд нүцгэн уйлаад зогсож байсан учраас хөнжлийг нь аваад боогоод гэрээс гаргасан гэж иргэн С.Хишигдалай хэлсэн байна.