Монголын зургаан иргэн Вьетнамд халаасны хулгайн хэргээр саатуулагдлаа
Бүгд найрамдах Вьетнам улсын Хо Ши Мин хотын цагдаагийн газар орон нутгийн цагаар өчигдөр үд дунд Монгол улсын харьяат зургаан иргэнийг халаасны хулгайн хэргээр саатуулсан гэж Вьетнамын Tienphong цахим хуудаст мэдээлжээ. Тэднийг Хо Ши Мин хотын Нэгдүгээр дүүрэгт үйлдэл дээр нь баривчилсан байна. Байцаалтын явцад дээрх зургаан иргэн бүгд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн аж.
Хо Ши Мин хотын Нэгдүгээр дүүргийн цагдаагийн газарт энэ сарын 10-11-ний орчимд Нэгдүгээр дүүрэгт гадаадын дөрвөн иргэний сэжиг бүхий дүрс бичигдэн үлдсэн байна. Үүнийг үндэслэн Ли Ту Тронг гудамжинд цагдаа нар хяналт тавьсан аж. Цагдаа нарын хяналт шалгалтын дүнд тэднийг үйлдэл дээр нь баривчилжээ.
Мөрдөн байцаалтын явцад тэд гол төлөв япон иргэдийн эд зүйлсийг хулгайлдаг болох нь нотлогдсон аж. Тэд Япон улсын харьяат Шиниа Фүкүдагийн гар утас, Нишихира Ясүндогийн их хэмжээний мөнгөтэй түрийвч зэргийг хулгайлснаа хүлээн зөвшөөрчээ. Хохирогч Нишихирагийн өгсөн мэдүүлгээр хулгайлагдах үед түүний түрийвчинд 231 ам.доллар, 29 мянган йен бэлнээр байсан гэнэ.