Орос, Япон улсын талууд маргаантай арлуудын асуудлыг шийдвэрлэхийг хичээнэ
Мягмар гарагт болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга "Японы засгийн газар Орос улстай нутаг дэвсгэрийн маргааныг шийдвэрлэх, энхийн гэрээнд гарын үсэг зурахад чиглэсэн ажлыг эрчимтэй явуулна" гэж сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Мөн тэрбээр сүүлийн жилүүдэд 2 тал энэ асуудлын хүрээнд хийгдэж буй ажлын үр дүнд нааштай хандаж буйгаа илэрхийлэв.
Ёшихидэ Суга "Гурван жил дараалан хоёр улсын худалдаа улам бүр нэмэгдэж байна. Түүнчлэн хойд дөрвөн арал дээр туршилтын төслүүд амжилттай хэрэгжиж, бодит үр дүнгүүд гарч эхэлж байна" гэж хэлсэн юм.
Дэлхийн 2-р дайнаас хойш Курилын арлуудыг ЗХУ-д хүлээлгэж өгсний дараа Япон улс тэдгээр арлуудыг нэхэмжлэх болсон юм. 1956 онд хоёр улс дайныг зогсоох, дипломат болон бусад бүх харилцаагаа сэргээх тухай хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан боловч энхийн гэрээ байгуулагдаагүй хэвээр байна. Үүнээс гадна Москва нь арлууд дээрх Оросын бүрэн эрхт байдлыг түдгэлзүүлэх боломжгүй гэж олон удаа мэдэгдэж байв.
2018 оны 11-р сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар 1956 оны Хамтын тунхаглалд үндэслэн хоёр улс энхийн гэрээний хэлэлцээрийг хурдасгахаар тохиролцжээ. Тэрхүү тунхаг бичигт Зөвлөлтийн засгийн газар арлуудыг Японд хүлээлгэн өгөхөд бэлэн байна гэж мэдэгдсэн бөгөөд энх тайвны гэрээ байгуулсны дараа Токио арлуудыг хяналтдаа авах болно гэжээ.
Гэсэн хэдий ч Япон, АНУ хоёр 1960 онд хамтын ажиллагаа, аюулгүй байдлын тухай гэрээ байгуулсны дараа ЗХУ арлуудыг хүлээлгэн өгөхөөс татгалзсан юм.
Гэхдээ зургадугаар сарын сүүлээр Осака хотод болсон Орос-Японы дээд хэмжээний уулзалтаар хоёр тал энхийн гэрээ байгуулах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр талууд тохиролцов.