Оросууд авто машины азын дугаарыг хэдэн сая рублиэр худалдаж авдаг болно
ОХУ-ын Эдийн засгийн яам болон Дотоод хэргийн яам нь жолооч нарт хүссэн азын дугаараа худалдаж авах боломжийг олгожээ.
Өөрөөр хэлбэл, жолооч нар азын дугаараа Төрийн үйлчилгээний цахим портал болон дуудлага худалдаагаар авах боломжтой болох юм.
Төрийн үйлчилгээний цахим портал дээрх холбогдох татварыг төлсний дараа жолооч нар хүссэн дугаараа өөрөө сонгож авах бөгөөд үсэг эсвэл тоонуудын хослол бүхий азын дугаарыг хуулиар батлагдсан үнээр олгох гэнэ.
Мөн бүс нутаг бүр авто машины дугаарыг зарах дуудлага худалдаа зохион байгуулах ба зарим дугаарууд нэмэгдсэн үнээр зарагдах аж.
Харин Свердловск мужийн Оросын авто машин эзэмшигчдийн холбооны дарга Кирилл Форманчук "Машины азын дугаарууд хууль ёсны дагуу худалдаанд гарвал нэг бол хүмүүс тэдгээр дугаарыг худалдаж авахаа болих болно. Эсвэл эсрэгээрээ эрэлт нэмэгдсэний улмаас энэ нь олон сая рублийн үнэд ч хүрч мэдэх юм” гэж хэлжээ.