Цэргийн баазын зардлыг хуваах АНУ-ын шаардлагыг Өмнөд Солонгос улс зөвшөөрсөнгүй
АНУ, Өмнөд Солонгосын хоорондын Солонгосын хойгт байрлах АНУ-ын цэргийн баазын зардлыг хуваалцах асуудлаар хийсэн хэлэлцээр бүтэлгүйтсэн болохыг CNN мэдээллээ.
Тодруулбал, АНУ-ын засгийн газар Өмнөд Солонгосын эрх баригчдаас 28.500 цэрэгтэй АНУ-ын баазын зардалд жил бүр 5 тэрбум ам.долларыг төлөхийг шаарджээ. Харин энэ нь Сөүлийн талын одоо төлж байгаа мөнгөнөөс 5 дахин их дүн учир тэд АНУ-ын шаардлагыг эсэргүүцсэн байна.
1950-1953 оны Солонгосын дайны дараа Хойд Солонгосын дайралтаас Өмнөд Солонгосыг хамгаалахын тулд АНУ тус улсад цэргийн баазаа байрлуулж байжээ. Түүнчлэн хэдийгээр хоёр Солонгосын талууд гал зогсоох гэрээ хийсэн ч тэд одоог хүртэл дайны бэлэн байдалтай байдаг юм.
Энэ талаар АНУ-аас албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа боловч өмнө нь Ерөнхийлөгч Дональд Трамп "Өмнөд Солонгос улсад манай цэргүүд 5 тэрбум ам.долларын үнэтэй батлан хамгаалах үйлчилгээг үзүүлж байгаа" гэж хэлж байжээ.
Мөн АНУ-ын төлөөлөгч Жеймс ДеХарт өөрийн хэвлэлийн бага хурал дээр "АНУ-ын төлөөлөгчид харилцан тохиролцоонд хүрэхийг эрмэлзэж байна. Тиймээс БНСУ-ын тал асуудлыг дахин нягталж үзээд, шаардлагыг хүлээж авна гэдэгт итгэж байна" гэж хэлсэн байна.