"Wikileaks” сайтын үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн 2010 онд холбогдсон хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болгож байгааг Швед улсын прокурорын газраас мэдэгдсэнийг BBC мэдээллээ.
Шведийн прокурорын газрын дэд дарга Эва Мэри Перссон “Шаардлагатай бүх мөрдөн шалгах ажиллагааг явуулж дууссан бөгөөд түүнд ял оноох хангалттай үндэслэл бүхий баримт олдоогүй. Мөн хохирогчийн өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрчилдсөн” гэж мэдэгдсэн байна.
Жулиан Ассанж энэ оны дөрөвдүгээр сард Лондон дахь Эквадор улсын Элчин сайдын яамнаас баривчлагдаж, Британийн шоронд хоригджээ. Тэрбээр 2012 оноос хойш Шведийн шүүхийн шийтгэлээс зугтаж Эквадорын элчин сайдын яамны байранд хоргодож байсан юм.
Хэргийг тодруулбал, 2010 оны 8-р сард Стокгольмд болсон хурлын үеэр Шведийн иргэн нэгэн эмэгтэй унтаж байхдаа Жулиан Ассанжид хүчиндүүлсэн гэж мэдүүлж байжээ. Хохирогч өмнө нь түүний хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох хүсэлтээс хэд хэдэн удаа татгалзаж байснаа ч хэлсэн байна.
Түүнчлэн АНУ-д түүнийг үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах, нууц баримтуудыг олон нийтэд тараасан хэрэгт буруутгаж, эрэн сурвалжилж байгаа аж.
Шведийн эрх баригчид 2017 онд түүний холбогдсон хүчингийн хэргийг сэжигтэн нь олдохгүй байгаа гэсэн шалтгааланаар хааж байжээ. Харин энэ онд баривчлагдсаных нь дараа хэргийг дахин нээж, үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.