Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 13-нд сурагчдын амралт дуусах хэдий ч томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учраас амралтын хугацааг сунгах хүсэлтийг холбогдох яаманд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ.
Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Амбулаторийн үзлэгээр томуу томуу төст өвчний өвчлөл өнөөдрийн байдлаар 10 гаруй хувьтай байгаа. Энэхүү өвчлөлийн үзүүлэлт 5 хувиас дээш байгаа тохиолдолд дэгдэлт гэж үзэн тодорхой арга хэмжээг авдаг.
Томуугийн өвчлөл өндөр байгаа учраас манай яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг 7-10 хоногоор сунгахыг дэмжих саналтай байгаа. Тиймээс энэхүү саналаа нийслэлийн боловсролын газар, БСШУЯ-нд санал хүргүүлсэн” гэсэн юм.
Тэгвэл уг хүсэлтийн хариуг хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна. Тодруулбал, албаны хүний хэлсэн тайлбараар Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээгээр цаг агаарын хэм буурч байгаа нь томуу, төст өвчний тархалт буурахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзсэн. Түүнчлэн томуугийн дэгдэлт "улаан" гэрэл асах хэмжээнд хүрсэн гэж дүгнэх арай эрт байна гэсэн юм.
Сэтгэгдэл (2)