Бурхны тааллыг засварлагчид...

Бурхны тааллыг засварлагчид...

Уруул тагнайн төрөлхийн сэтэрхий бол төрөлхийн гаж хөгжлүүдийн дотроос тохиолдлын тоогоор дэлхийд 2-4 дүгээрт ордог аж. Перуд олдсон 3000 жилийн өмнөх эмэгтэйн занданшуулсан шарил сэтэрхий уруултай байж. Эртний Египтээс тагнай нь цоорхой мумми олдсон байна. 

Бурхны сануулга

Миний багад Налайхын байгууллагууд Шажин хурахын аманд зусдаг байв. Тэр зун нагац ахындаа хэд хонохоор очлоо. Зуслангийн багачуул хоорондоо амархан танилцдаг хойно, дорхноо зуслангийн найзуудтай болов.

Хүүхдүүд өдөржин Хөлийн голын эх Шажин хурахын горхины эрэгт өнжинө. Бидний дунд зургаа, долоон настай нэг хүүхэд онцгой. Уруул сэтэрхий, тагнай цоорхой тул гунганаж ярина. Хатангир жаахан биетэй ч тун сэргэлэн, цовоо хүүхэд. Тухайн үед анагаах хөгжөөгүй байсан тул эмчлэхгүй том болгожээ. Би дотроо түүнийг их л өрөвддөг байлаа. Гэтэл түүний ах, эгч нар нь эв эрүүл. Хожим эмчлүүлсэн болов уу.

Тэр тохиол санаанд тод үлдсэн тул хүмүүсийн яриа сонсож байхад уруул тагнайн сэтэрхийн тухай яриа их л сонирхол татдагсан. Тэдний ярих нь “Архинд дуртай хүн элгээ эмчлэх гээд эхнэрийнхээ сүүг ууснаас цус ойртож хүүхдүүд нь сэтэрхий уруултай төрдөг” гэнэ. Хөхний сүү хүний цусны бүтцийг өөрчлөх тийм айхтар хүчтэй эд гэлцэнэ. Түүнд итгэе гэвч тэр хүүхдүүдийн аав архи дарс амсдаггүй нэгэн байсныг мэдэх тул эргэлздэг байв.

Манайх тэмээний мах хүнсэнд хэрэглэдэггүй айл байв. Учрыг асуувал дээд өвөгт Тэмээч нэртэй хүн байсан тул цээрлэдэг гэж ярьдаг байв. Бас хөгшин ээж “Жирэмсэн хүнд тэмээ, туулай мах идүүлж болдоггүй, сэтэрхий уруултай хүүхэд төрдөг” гэж цээрлэн ярьдаг байв. Бас л сонирхолтой, ардын цээр...

Энэ тухай бүр хожуу 40 гарсан хойноо Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч Г.Аянгатай танилцаад асууж билээ. Г.Аянга эмч болоод түүний баг хамт олон Монгол Улсын хэмжээнд Уруул тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийг бие дааж бүрэн шийдсэн хамт олон билээ. 

“Бурхны л таалал...”! Г.Аянга эмч ингэж л хэлсэн. Эцэг эх нь эв эрүүл, удамд нь ийм эмгэг байхгүй айлуудад ч ийм хүүхэд төрдөг. Бүх хүүхэд нь биш нэг нь ийм төрдөг. Шалтгааныг нь дэлхий нийтээр олон мянган жил сурч, судалж байгаа ч тодорхойгүй гэлээ. Генийн ч асуудал биш, ургийн хөгжлийн явцад л ямар нэг алдаа заадаг бололтой. Ер нь хүн төгс биш амьтан болохын илрэл юм болов уу? Магадгүй хүн бүрт өөрөө ч мэдэхгүй олон эмгэгүүд байдаг л байх. Заримдааэмчлэгдэшгүй эмгэг ч тохиолдож болно. Айлын бүх хүүхдэд биш аль нэгэнд нь. Бурхан хүмүүст төгс бишийг нь сануулсаар. Харин хүн төгс рүү тэмүүлсээр... ингэсээр заримдаа бурхны төгс бусыг ч засдаг болжээ...

Уруул тагнайн төрөлхийн сэтэрхий бол төрөлхийн гаж хөгжлүүдийн дотроос тохиолдлын тоогоор дэлхийд 2-4 дүгээрт ордог аж. Перуд олдсон 3000 жилийн өмнөх эмэгтэйн занданшуулсан шарил сэтэрхий уруултай байж. Эртний Египтээс тагнай нь цоорхой мумми олдсон байна. 

МЭ 390 оны Хятад сурвалжид мужийн захирагч Вэй Янчи төрөлхийн сэтэрхий уруултай байсан ч түүнийгээ оюулсан тухай тэмдэглэжээ. Харин МЭ IX зууны үед тэр үедээ ертөнцийн соёл иргэншлийн манлай болсон Арабууд, тэр дундаа эмч Albucasis тагнайн сэтэрхийг халуун төмрөөр хайрч, түлэнхийн тав унамагц оёдол тавьж хаадаг байжээ. 

Европын дахин сэргэлтийн дараа 1564 онд Ambrose Pare эмч уруулын сэтэрхийд мэс засал, хиймэл тагнай хийжээ. Тэгэхэд энэ эмгэгийг “туулайн уруул” буюу ”harelip” гэж нэрлэсэн нь анагаахын ШУ-нд түгээмэл нэршил болжээ. Харин Монголчууд уламжлалаар хөөж ямар нэгэн шинж олох гэж чармайхдаа хүнснээсээ шалтгааныг хайж, сэргийлэхийн тулд жирэмсэн эхэд туулай, тэмээний мах идүүлэхгүй байхыг хичээдэг байсан бололтой. Гэвч сэтэрхий уруултай хүүхэд төрсөөр л...

Бахархлаа мэддэггүй салбар

20 гаруй жилийн өмнө ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийг байгуулж байхдаа нэгэн том асуудлыг шийдэж эхэлснээ манай төр засаг огт анзаараагүй байна. Одоо шийдчихсэн хойно нь ч анзаарахгүй л байна. Мэргэжсэн, мэргэшсэн хүн цөөрсний л гай. Учир нь үүнд зориулж улсаас мөнгө төсөвлөдөггүй, улстөрчид хүн төрөлхтөнд тохиолддог тархмал эмгэгийг мэддэггүй, тйимээс үүнд зориулж төсөв хуваадаггүй учраас, төсөл хэрэгжүүлээгүй тул... Угаасаа ийм эмгэггүй улс мэт, энэ талаар ямар ч асуудалгүй мэт явсаар байгаа нь энэ цомхон хамт олны, нэгхэн тасгийнхний гавъяа юм. Халдварт өвчин устсан бол дэлхий нийтээр зарладаг, харин ийм эмгэгийн асуудлыг шийдсэн гэдгээ мэдээ ч үгүй учраас манай улс зарлаа ч үгүй. 

Энэ ололт нь Монгол улс дахь төрөлхийн уруул, тагнайн сэтэрхийн шийдэл юм. Тус хамт олон байгуулагдсан цагаасаа энэ эмгэгийн асуудлыг шийдэх сайн дурын үйлсэд ханцуй шамлан оржээ. Ингэхдээ улсаас мөнгө төгрөг нэхээгүй ба өөрсдөө гадаадаас санхүүжилт хайж, түүнийгээ олж, иргэдээс эмчилгээний зардалд сохор зоос ч авалгүй чив чимээгүй шийджээ. Ядаж иргэдээс мөнгө авдаг бол манай бэлэнчлэх дуртай иргэд үнэ цэнэтэй байна гэж заргалдаад муугаар ч болов төрд мэдэгдэх байсан биз, юм хоёр талтай.

Энэ асуудлыг шийдэхдээ тус тасгийн хамт олон таамгаар бус, суурь судалгааны ажлыг ч бас нягт нямбай хийжээ. Сүүлийн жилүүдэд төрөлхийн уруул, тагнайн сэтэрхийн тохиолдол нэмэгдэж байгаа ба социализмын жилүүдэд 1200 төрөлт тутамд нэг байсан бол өнөөдөр 1072 төрөлтөд нэг тохиолдож байгааг тогтоосон байна. Мэдээлэл, илрүүлэлт, оношилгоо сайжирсных уу? гэвэл “Түүнийг ч бас анхаарч үзсэн, гэвч тийм биш, ер нь л олширч байна” гэж Г.Аянга эмч хэлж байна. 2018 онд 78 444 хүүхэд төрсөн гэсэн статистикт үндэслэвэл 70 орчим хүүхэд төрөлхийн уруул, тагнайн сэтэрхийтэй төрсөн байх магадлалтай юм.

Төрөлхийн уруу тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдийн амьдралын замнал хэцүү. Тэдний олонхийг ялангуяа хөдөө орон нутагт дөнгөж бичиг үсэг сургаад, дөрвөн аргын тоо мэддэг болмогц сургуулиас гаргаж мал ахуйдаа туслуулахаар авах нь түгээмэл ба цаашид сурахад бэрхшээлтэй гэж үзэж аль болох хүний нүднээс далд байлгах, нуухыг эрмэлздэг байна. Учир мэдэхгүй хүмүүс “Эднийх удмын гажигтай” гэлцэж магадгүй ба энэ цуурхал бусад хүүхдүүдийн хувь заяанд ч нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байдаг бололтой юм. Ялангуяа эмэгтэй хүүхдүүд гоо сайхан талаасаа ихээхэн хэцүү учраас хувь заяаны эргүүлэгт автах нь олон аж. 

Эмчлүүлэлгүй 40 гарсан хүмүүс иймэрхүү амьдралыг туулсан бол цаашдаа үүнтэйгээ эвлэрч, нуугдаж дасаад эмчлүүлэхийг огт бодохоо больдог талтай ба бүр эмч нар шаардаад байхад зугатах хандлагатай болсон байдаг ажээ. Хэцүү тавилан шүү!

Эмч нар ёс зүйгээ бодоод эмчлэхэд учирдаг иймэрхүү нийгмийн шинжтэй бэрхшээл зовлонгоо ярих биш, ер нь энэ талаар ярих нь эмчлүүлэгчдийн ар гэрт эвгүй сэтгэгдэл төрүүлэх учраас бүр тас нуудаг бололтой юм. Яагаад ч хэлэхгүй тул би өөрөө эмчлүүлэгчид ба таньж мэдэх хүмүүсээр дамжуулж цөөн жишээ олж сонсов. 

Ингэх гэж л нэгэн удаагийн эмчилгээний ажлыг нь нүдээр үзэхээр Ховд хот руу дагаж явлаа. Баян-Өлгийд нэг настан ийм эмгэгтэй охиноо нас биед хүртэл нь хүмүүсээс тас нуучихсан байжээ. Бүр илүү гэртээ. Охины маань амьдрал ингээд л өнгөрсөн гэж бодож байж. Тэр охиныг бүртгэлээр эрж олоод мэс засал хийж бүрэн эдгээжээ. Хөөрхий өвгөн уйлан хайлан талархаж. Охинд минь шинэ амьдрал бэлэглэлээ гэж... 

Ганц Баян-Өлгийд ч бус улс даяар ийм үзэгдэл түгээмэл. Хүний царай зүс бүхний өмнө ил, уруулын сэтэрхийгээ амны хаалтаар халхлавч тагнайн сэтэрхий ярихад л мэдэгдэнэ. Үүнийг ердөө л нэг эмнэлгийн нэг тасгийн хамт олон сайн дураар эмчилж шийдсээр л... Харин бурхан тааллыг нь засдаг тэднийг яадаг бол... 

Хувь тавилангийн сэтэрхий

Хүн төрөлхтөнд өгч буй сануулга шүү дээ! Түүнээс хэн нэгэнд биш. Гэвч хүн бүр дор бүрдээ, эмч нар нь ч дотроо нуудаг эмгэг.

Дөнгөж төрсөн нярай ядаж л хөхөө хөхөж чадахгүй, хөөрхий нялх амьтан хэлээрээ тагнайдаа хашиж хөхнө, гэтэл тагнай цоорхой бол хамрын хөндий рүү нь сүү цацарч хахаж цацаад хөхөө ч бүрэн шавхаж чаддаггүй аж. Эхэд нь бол том зовлон. Тиймээс ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс заслынхан ганц хагалгаа ч бус давхар эмчилгээг хийдэг. Наад зах нь нярайд хиймэл тагнай хийж өгдөг. Хөхөө гүйцэд хөхөж чадахгүйгээс тэжээлийн дутагдалд орж, жин багассан, сульдсан хүүхдүүд өвчлөмтгий бөгөөд эмзэг. Үүнийг эрт цагт байгалийн шалгаралаар нь орхидог байж, өнөө цагт эмчлэх боломжтой, үүнийг мэргэжлийнхэн л мэднэ. Мэс засал хийхэд хүүхэд бас эрүүл чийрэг байх учиртай. Тийм ч амар ажилбар биш юм билээ. Эхлээд эмч нар үзэж, хиймэл тагнай хийж өгснөөр нярай хүүхэд ядаж л хөхөө бүрэн хөхөж, мариа суугаад сэргэлэн, дархлаатай болдог аж. Түүний дараа хагалгаанд оруулна.

Аль болох эрт оношлох нь хүүхдийн ирээдүйн амьдралд тустай учраас эмч нар амсхийх чөлөөгүй, жилдээ яаж ийгээд хоёр аймагт ажиллахыг хичээдэг ба ойр орчмын аймгуудын хүүхдүүдийг бүсчлэн хамруулахыг зорьдог. Ингэж чадвал цэцэрлэгт орж, сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, дунд сургуулийн босго алхахдаа хэл ярианы бэрхшээлгүй болж чадвал цаашдаа бүх шатны боловсролыг бүрэн дүүрэн эзэмшиж, бусдын адил амьдралаа зохиох боломжийг олж авах юм. 

Оросын анагаахын “школ”-оор хүүхдийг 5 нас хүрэхэд л энэ төрлийн мэс засалд оруулах заалттай ажээ. Социализмын үед үүнийг мөрддөг байж. Гэвч энэ хэтэрхий оройтсон хугацаа гэж манай эмч нар хэлж байна. Зөвлөлтийн үед Монголчууд “ах нарын” амыг хардаг байсан, харин одоо бол жишээ нь яг энэ чиглэлд Оросоос хамаагүй хол түрүүлж хөгжсөн тул тэд хуучин онолыг шүүмжилж байна. Эх нялхасын Эрүү нүүрний тасгийн эмч нар маань асуудлыг шийдээд зогсохгүй бүр ахисан хүмүүнлэг зорилт тавьж, “сургуулийн өмнөх ба бага боловсролыг бэрхшээлгүй эзэмшүүлэх” зорилт тавьж байна шүү дээ. Уг нь энэ бол төрийн зорилт байх томъёолол. Энэ амар биш, нэг бус удаа хагалгаа хийх ёстой. Учир нь хэдий тагнайн цоорхойг нөхөвч хүүхэд өсч томроход хоншоорын яс ч томордог тул өмнө нөхсөнөө буцааж аваад өөрийг хийх ёстой, ийм хагалгаа насанд хүрч өсөлт зогстол 4-5 удаа ч давтагдах нь бий. Хүний толгойн яс бусад ясыг бодвол өсөлт багатай л даа гэж эмч нар ярьж байна. Зүгээр л бусдыг тайвшруулах гэж. Гэвч амар ажил биш, энэ улсын амжилт, эмч нарын гавъяа биш гэж үү? 

Монголд тэднийг мэддэг ч төр нь тоодоггүй. Атал илүү прагматик, сүйхээтэй, бодлоготой Хятадууд манай эмч нарыг багаар нь болон дангаар нь урьж мэс засал хийлгэж хүмүүсээ эмчлүүлэхээс гадна эмч нараа сургаж, дадлагажуулж байна. Харин уламжлал, өөрийн школд хатуу Оросууд Монгол эмч нарын саналаас татгалздаг гэнэ. ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс заслынхан бяцхан үндсэрхэж, өөрийн улсын асуудлыг ер нь шийдсэн тул бусад монгол угсаатандаа тусалъя гэж зүтгэсний хариу ингэж гарчээ. “Би Буриад хүн учраас Монгол эмч нарынхаа буянаар эрүүл саруул, бусдаас огт ялгарахгүй амьдарч байна” гэж хэлэх их гүрнийхэнд таагүй байж магадгүй. Харин Мъянмар, Индонез, Хятадууд бол огт ийм бодолгүйгээр харин ч ач холбогдол өгч манай эмч нарыг урьж, хүмүүсээ хагалгаанд нь дагалдуулж, туршлага судлаж байдаг. 

Яагаад гэвэл “Монголын” гэсэн уруул тагнайн хагалгааны бүтэн арга барил энэ хугацаанд боловсорсон бөгөөд энэ тухай ОУ-ын хуралд тавьсан илтгэл, тайланг тэр хэмжээнд онолын хувьд хүлээн зөвшөөрөөд зогсохгүй хагалгаа хийлгэхээр урьж иргэдийнхээ төлөө “ажиллуулж” байна. Энэ бол дэлхийн анагаах ухаанд зөвшөөрөгдсөн, онолын үндэстэй бүтээл бөгөөд уг нь төрийн шагнал гэгч ийм бүтээлд очиж тусч гэмээ нь ядаж дэлхий дахинд манай шагнал зөвшөөрөгдөх учиртай юмсан. Харин Монголд бол энэ талаар огт мэдэхгүй байгаа мэт санагддаг. Дулим ойлголттой бол хөх толботнуудад ийм эмгэг тусдаггүй гэж ч магадгүй байна.

Ховдод

“Хүннү эйр”-ийн онгоцоор Ховд хүрэв. Улаанбаатараас нисэхэд би жаахан хоцорч очоод энгийн суудлаас илүүдсэн ч билетийг эрт захиалсан байсан тулд “бизнес класс” руу “цөлөгдөв”. Уг нь би биш эмч нар маань ингэж явах ёстой, гавьяагаараа...

Нисэх буудалд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нар угтан авлаа. ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний тасгийн хамт олон орон нутагт ажиллахдаа тухайн орон нутаг дахь мэргэжил нэгтэн эмч нарын дэмжлэгийг авч ажилладаг юм байна. Ингэхээс ч аргагүй. 

Тэднийг очихоос өмнө орон нутгийн эмнэлгийн ажилтнууд тухайн орон нутагтаа зар түгээж, эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг цуглуулж бүртгээд байдаг ажээ. Мөн тэд өөрсдийн бүртгэлийн дагуу ойр хавийн аймгийн өвчтөнүүддээ нэгбүрчлэн зар түгээж давтан үзлэг, хагалгаануудаа амжуулна. Эмч нар зочид буудалдаа ачаагаа оруулав уу, үгүй юү шууд эмнэлгийг зорив. Цаг хугацаа давчуу тул цаг бол алт. 

Эмч нарыг эмнэлэгт очиход шаардлагатай өрөө тасалгааг гаргаж бэлтгэсэн байх ба үзүүлэх хүмүүс гудамд дугаарлан сууцгаажээ. Эрүү нүүрний тасгийнхан очихоосоо өмнө аймгийн мэргэжил нэгт нөхөддөө ажиллах хуваариа хэлдэг бөгөөд орон нутаг дахь эмч мэргэжилтнүүд зар түгээж, эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг цуглуулдаг байна. Ингэснээр богино хугацаанд олон хүнд тусламж үзүүлэх бололцоотой бөгөөд аймгийн эмнэлгийн мэс заслын өрөө, үзлэгийн өрөөг бэлтгэсэн байдаг ажээ. Энэ бол бас л том туслалцаа, хувь нэмэр юм билээ.

Эрүү нүүрнийхэн жилдээ дөрвөн ч удаа орон нутагт ажилладаг. Орон нутагт 90 шахам удаа ингэж ажилласан байна. Бас гадаадад багаараа ажиллах, ОУ-ын хурал зөвлөгөөнд оролцдог. “Хэрэв ингэж явахад онгоц сүйрвэл Монголын хүүхдийн эрүү нүүрний мэс заслын, тэр дундаа уруул тагнайн сэтэрхийн салбар тэр чигээрээ сүйрнэ дээ” гэж Г.Аянга эмч хошигнож байна. Монгол хүн цөөтэй, дээр нь ийм нарийн мэргэжлийн баг ердөө ганцхан, хүүхдийн гэдгээрээ. Өөр нэг баг бий, тэр нь насанд хүрэгчдийнх. Ердөө л ийм цомхон шүү дээ, хөөрхий! Гэвч энэ их буяны шимээр тийм бэлгэгүй юм тохиохгүй нь лавтай... Хэдий тэд бурхны тааллыг засаж байгаа ч бурхан нигүүлсэнгүй, бурхан энэрэнгүй...

Эмч нар үзлэгээ эхлэв. Завханаас, бүр Өвөрхангайгаас хүүхдээ тэвэрсэн хүмүүс ирсэн байна. Нэг удаад ажиллахдаа зөвхөн нэг аймаг гэлгүй бүсчлэхийг чармайдаг байна. Ингэхгүй бол нэг аймагт жилдээ хоёр очих боломж үгүй юм. Тиймээс мэс засал, эмчилгээ хийлгэсэн, хийлгэж байгаа хүүхдүүдийн эцэг эхэд очих газар, ажиллах хугацаагаа утасдаж хэлдэг бөгөөд эмчлүүлэгчид нь ч ойр ирсэн дээр нь хүүхдээ амжиж үзүүлдэг. Бусад цагт гарцаагүй эмчлүүлэх, хүндрэл гарах, эсбөгөөс зайлшгүй хагалгаанд орох бол хотод очихоос аргагүй.

Очсон оройдоо 30 гаруй хүүхэд үзэж зөвлөгөө өгөв. Гагц уруул тагнай сэтэрхий хүүхдүүдэд ч биш эрүү нүүрний бүхий л гажиг, заслын зөвлөгөө, эмчилгээг хийдэг байна. Төвөөс нарийн мэргэжлийн эмч нар ирсэн дээр үзүүлээд ядаж эмчилгээ бичүүлж зөвлөгөө авъя гэсэн хүмүүс олон байх ажээ. Нийслэлд гадаадаас нарийн мэргэжлийн эмч нар ирдэгтэй л адил. Харин энэ багийнхан гадаадад уригдаж ажилладгийг тооцвол тэднээс ялгаа юун.

Ердөө долоохон хоног ажиллах тул тэр дороо багийнхан зөвлөлдөж, хагалгаа хийх хуваарь гаргав. Өдөр бүр хоёр баг тус бүр 6-7 хагалгаанд орох төлөвлөгөө гаргаж байна. Хагалгааны өмнө нарийн шинжилгээ авч байж ордог ажээ. Тэгэхгүй бол хагалгааны явцад янз бүрийн хүндрэлүүд тохиох магадлалтай их нарийн юм. Шинжилгээгээр хагалгаа хийж болохгүй л гэсэн бол хойшлуулж байна. Эрсдэлтэй юм билээ... Тиймээс шинжилгээнд хоёр өдөр зарцуулаад хагалгаанд дөрөв хоног л үлдэж байна, тав дахь хоногт буцна.

Уруулын сэтэрхийг бол их нарийн аргачлалаар засаж оёх юм. Зүгээр л нийлүүлээд оёчихдог байх гэсэн төсөөлөл маань маш буруу аж. Хүний бие, булчингийн тогтолцоо гэгч асар нарийн ажээ. Уруулын сэтэрхий нь цаашаа буйлны сэтэрхий, хоншоор ясны дутуу хөгжилтэй хавсарсан байдаг аж. 

Нэг л удаагийн хагалгааны зургийг авахаар орсон билээ, мэс заслын өрөөнд. Дээд зэргээр ариутгуулан байж, бин битүү өмсгөлтэй оров. Хоншоорын ясыг нөхөхийн тулд өвчтөний өөрийн нь ташаа, сүүжний ясны хэмийг авч дутуу хэсэгт нөхөн суулгаж байна. Аймаар юм, дахиж орохоос зүрхшээж байна, эмч нар ч гадны хүн олон дахин оруулаад байх дургүй учраас дахиж орж үз гэж хүчилсэнгүй. Анх төсөөлөхдөө ердөө л уруулд зүсэлт хийгээд л оёчихдог байх гэж бодсонсон. Гарч ирээд яагаад ингэж ясны хагалгаа давхар хийж байгааг асуусанд хэрэв цаад хоншоор ясыг битүүлэхгүй бол наана уруул оёод ч, тагнай нөхөөд ч бүрэн засал авахгүй, цаашаа хонхойж ороод буруу хөгжилтэй төгс бус эмчилгээ болно шүү дээ гэж байна. Уруурлын сэтэрхий тэр чигтээ дээд хоншоор ясны сэтэрхийгээр үргэлжлээд тагнайн дутуу хөгжил буюу цоорхой, шууд хэлбэл онгорхой болсон байдаг ажээ. Маханд хийж буй мэс засал цусыг нь соруулаад цагаан цусгүй маханд хийгддэг бол энэ ясны мэс засал улаан цусыг нь урсгаад л хийх юм, туйлын төвөгтэй, хүнд аж. Хэдий хүнд ч ийнхүү бүгдийг нь хийхээс аргагүй, ингэж байж хүүхэд бүрэн эмчлэгддэг байна. 

Урьдчилж шинжилгээ авсан, холоос ирсэн хүүхдүүдийг түрүүлж оруулахаар төлөвлөсний дагуу эхний өдрийн хагалгаанууд орсон хэрэг л дээ. Эрүү нүүрний тасгийхантай хамт орон нутагт ажилласан чих хамар хоолойн мэс заслын тасгийнхан ч зэрэгцээд хагалгаанд оров. Хагалгаанд зөвхөн хагалгааны эмч нар ч ордоггүй, унтуулгын эмч нар хамт явдаг. Тиймээс ЭХЭМҮТ-ийн хагалгааны нэгдсэн тасаг, эрчимт эмчилгээний эмч сувилагч нар ч бас ачаалалтай ажилласан хэрэг.

Өглөө эрт 6.00 гэж босоод өглөөний ундаа урд өдөр нь захисан тулдаа буудалдаа идэж аваад 7.00 гэхэд эмнэлэг дээр очиж, хагалгаанд бэлдээд орчихож байна. Үдийн 14 цаг хүртэл тасралтгүй хагалгаа хийгээд гарч ирж үдийн хоолоо хагас дутуу идсэн болоод буцаад орчих юм. Тэгж ажилласан хүмүүс орой 18-19 цагийн үед гуйвахаас наагуур гарч ирэх ажээ. 

Ажиллах хугацаандаа тэд 46 мэс засал хийж, 25 хүнд шүд, эрүү нүүрний гажиг засал хийж, 23 хүүхдэд хэл ярианы заслын эмчилгээ хийжээ. Үзэж зөвлөгөө өгсөн нь тоолж баршгүй, бүр шөнө орой буудалдаа амарч байхад нь хүүхдээ, найз нөхөд, хамаатан саднаа дагуулсан хүмүүс ирж үзүүлж, зөвлөгөө авах юм. 

Намрын халуун өдрүүд ба бурхны ивээл...

Энэ наймдугаар сард Ховдод янзтай халуун байсан даа. Эмч нар гурван давхарын бүсийн эмчилгээний төвийн эрүү нүүрний тасгийн өрөөнд төвлөж байв. 

Цонх онгорхой гаднаас халуун салхи үлээх нь зуухны нөөлөг шиг халуу дүүгүүлнэ. М.Эрдэнэсайхан эмч нарийн мэргэжлийн үзлэг эмчилгээ хийнэ. Үзээд заримыг нь орон нутагт анхан шатны эмчилгээнд хамрагдах бол хэлнэ, заримыг нь нарийн шинжилгээнд оруулах бичиг хийж өгнө, хотод очих шаардлагатайг нь хэлж цаг товлоно. ЭХЭМҮТ улс даяар хамарсан үйлчилгээ үзүүлдэг нь бас олзуурхууштай юм. Бас тагнай цоорхой хүүхдүүдээс хэв авч хиймэл тагнайг газар дээр нь хийж өгнө. Үзлэг эмчилгээний явцад Ховдын улсын болон хувийн эмнэлгийн эмч нар хамт байж бас туршлага судлаж, зөвлөгөө авах юм. Ер нь эмчилгээ, хагалгаанаас гадна нийгмийн ач холбогдол ихтэй хөтөлбөр ажээ. 

Бид тэр бүр хот орж чадахгүй, тиймээс энэ багийнхан ирнэ гэдэг орон нутгийн бидэнд туршлага судлах, мэдлэг чадвараа дээшлүүлэх, хамтрах том боломж болдог гэж Ховдын эмч нар ярьж байна.

Эмчлүүлж байгаа хүүхдүүдийн эцэг эхтэй энэ хамт олон хэзээний ижий ахай болж, миний хүү, охин гэж өхөөрдөнө. Хариуцлагагүй эцэг эхийг загнаж ч үзэж байна. Яагаад цагтаа ирдэггүй юм, яагаад утсаар ярьдаггүй юм гэхэд эцэг эхчүүд гэмшингүй зэмлүүлээд суух. “Өө, миний охин бондойчихож, тагнай нь их зохиж...” гэх мэтээр хэлээ зажлаад ярихад нь эцэг, эх нь баярлана гэж...

Урт ширээн дээр хүүхдийн бяцхан улаан тагнайнуудыг хийгээд эгнүүлэн өржээ. Нярай хүүхдийнхээс эхлээд сургуулийн насныхны хүүхдүүдийнх хүртэл байна. Техникч бүсгүй их л нямбайлан хийж буй тагнайг сонирхон үзтэл тунгалаг улаан тагнайнууд нь дотроо олон өнгийн хөөрхөн гялгар зүрх, цэцгэн чимэгтэй юм. Энэ цаанаасаа ийм чимэгтэй юм уу? гэвэл “Үгүй ээ, гэхдээ ингээд гоё хийгээд өгчихөөр хүүхдүүд зүүх дуртай байдаг юм” гээд жижиг савтай чимэглэл гаргаж үзүүлэв. Тагнайг хийдэг материалыг М.Эрдэнэсайхан эмч гадаадаас өөрийнхөө мөнгөөр худалдаж авснаа энд авчирчээ. “Энэ их сайн материал байгаа юм, бид гадаадад ажиллахдаа ийм л харж, авч явдаг хүмүүс шүү дээ!” гэв. Тэгээд зүгээр л хийгээд өгчихдөг үү гэвэл “Тэгнэ шүү дээ, би энүүгээр яах вэ?, хүүхэд баярлахыг харах гоё шүү дээ” гэв.

Энэ удаад орон нутагт хэрхэн ажилладагтай танилцахаар “Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сан”-гийн тэргүүн ажилтнуудынхаа хамт очсон байв. Тэдэмчилгээний чанар, иргэдийн санал сэтгэгдлийг асууж санхүүжүүлсэн ажлынхаа үр дүнг үзээд их л сэтгэл ханамжтай буцсан билээ. Сүүлийн 10 гаруй жил тус байгууллага ивээн тэтгэж энэ сайн санааны аяныг санхүүжүүлж байгаа гэнэ.

Өмнө нь Япончууд их туслаж дэмжсэн төдийгүй “Уруулын төрөлхийн сэтэрхийн анхдагч цогц эмчилгээ” мэс заслын атласаа хэвлүүлэхэд тусалжээ. “Бүр мэс заслын зургууд өгч тусалсан шүү” гэж Г.Аянга эмч олзуурхан ярихыг сонсоод “Зураг тийм чухал уу?” гэж лавласанд “Чухал, ер нь хүмүүс хүүхдүүдийнхээ зургийг өгөх дургүй байдаг, дэлхийн хаа ч тэр. Тиймээс чанартай хэвлэлд нийцсэн зураг олно гэдэг хэцүү” гэж хариулав. Ер нь энэ асуудал гагц Монголд гэлтгүй хаа ч нууцлагдмал асуудалтай байдаг бололтой. Энэ бол өнөө Оросуудыг ч гайхшируулсан Монголын эмч нар Г.Аянга, Д.Цэрэндулам, Р.Баясгалан, Ж.Эрдэнэцогт, М.Эрдэнэсайхан, И.Нарантуяа, Б.Булган, Д.Цэндсүрэн нарын хамтын бүтээл.

Японы санхүүжилтийн хугацаа дууссанд их санаа зовсон шүү, төсвөөс бидэнд мөнгө өгөхгүй, тиймээс санхүүжилтээ хайх ажил гардаг, тэгээд “Тайваний хүүхэд, гэр бүлийг дэмжих сан”-д хандсанд харин тун нааштай шийдэж, найдвартай хамтран ажиллаж байна гэлээ. Тус багийнхан 1998 онд эхлүүлсэн төслөө “National cleft mission” гэж нэрлэжээ. Үнэхээр үндэсний хөтөлбөр л дөө, гагцхүү “Үндэсний төр маань” хэр дэмждэг юм гэхээс...

Эмч нар өдөржин завгүй, хажуугаар нь би элдэв шалдав юм асууж, ойлгохоосоо ойлгохгүй нь их хэр нь садаа болох талдаа. Өнөө атласыг нь үзээд ойлгоё гэхээр ёстой зураг харахаас цаашгүй, хагалгааны нарийн зураг харахаар айдас хүрэх нь илүүтэй. Би ч бас нэг муу эрийн шийр, хонь мал гаргадаг гээд их хатуу чанга эр гэж өөрийгөө боддог ч тэдний ажил бол аймаар юм. Ер нь мэс засал тийм байдаг байх. Атласыг үзэж, үзэж эцэст нь “Үгүй мөн нарийн шинжлэх ухаан юм аа” гэхээс өөр дүгнэлтгүй хоцров. Тэгээд мэс засалд хамаагүй орж болохгүй тул мэддэг хэл дуусаад, гурав дахь өдрийн үдээс хойшхоноос тэднийг хараад кофе уугаад таг суухаас өөр шидгүй болов. 

Гэтэл Ховд хотноо Ганданпунцагчойлин хийдэд гоёмсог “Майдар” бүтээж равнай өргөх гэж байгааг үзүүлж буй хүмүүсээс дуулаад тийш очлоо. Маргааш нь ёслол болоод амьтан хүн шавчих тул өмнө нь сэлүүхэн дээр нь үзье гэж бодсон хэрэг. Боржин чулуугаар гоёмсог бурхан урлажээ, нүд баясгаад Ховдоор жаал тэнэж, хөшөө дурсгал, Сангийн хэрэм үзэж, музейнүүдийн байршлыг тогтоож авлаа.

Орой 20 цаг дөхөж байхад эмнэлэгт ирж өнөө хэдтэйгээ нийлж аваад буудал руугаа буцна. Замдаа жаал жуул юм асууна, очоод ядарсан хүмүүс эрт унтана. Өглөө эрт 7.00 гэхэд эмнэлэгтээ ирээд бэлтгэл ажилдаа орох тул хүмүүсийг нэмж ядраагаад байх нь зохимжгүй юм. 

Маргааш нь музей, Номгорын сүм үзээд үдийн орчим иртэл “Г.Аянга эмч хийд рүү явсан, таарав уу?” гэлцэж байна. Нээлт үзэхээр явж дээ гэсэншүү юм бодоод сууж байтал мань хүн ороод ирэв. 

Хүмүүс бужигнаад, хүүхдүүд уйлалдаад чимээ шуугиан ихтэй тул гарч тамхилъя гэж дохиж байна. Гарвал “Сая нэг хүүхэд хүндэрч сандаргаад...” гэж байна. Би ч бас сандарчихав. “Гайгүй юу?” гэвэл “Гайгүй өнгөрлөө, ийм болохоор л бид эрчимт эмчилгээ, унтуулгын сайн эмч нартай явдаг юм шүү дээ. Шинжилгээ нь гайгүй байх шиг байсан архаг ханиадны л юм байсан бололтой, тэгээд ядаж багийнхаа сэтгэлийг засах гэж хийд рүү явж даатгалаа шүү дээ!” гээд “Заримдаа ч сандрахаараа бурхан шүтээн хүртэл хандах юм байна шүү!” гээд өөрийгөө шоолж буй бололтой муухан инээмсэглэв. “Аюултай юм байна” гэвэл “Амар биш ээ, хө” гээд яаран оров. Бурхан тэднийг хардаг л юм байна...

Тэр орой хагалгааны дараа багаараа шөнө болтол ахиж хуралдав. Хагалгаануудаа үргэлжлүүлэх эсэхийг шийдэх, шинжилгээнүүдээ дахин үзэж зөвлөлдөх гэж тэгжээ. Буцах замд Г.Аянга эмч “Би ч ер нь зогсоодог юм бил үү л гэж бодлоо шүү, манайхан энэ олон хүнийг орхилтой биш гээд сайтар зөвлөлдөөд үргэлжлүүлэхээр боллоо” гэж ярив. Сайн дурын ийм ажил хийж яваад ямар нэг эндэгдэл гарвал хариуцлага өндөртэй, бараг л “Хэн та нарыг ийм ажил хий гэсэн юм?, зүгээр байсан бол зүгээр л байх байсан” гэх мэт асуудал босч тун магадгүй эвгүй ажил болохыг тэгэхэд л мэдэрч билээ.

Маргааш өглөө нь би Тайваний сангийнхантай хамт буцав. Эмч нар маань Ховдод ажилласаар үлдлээ. Гадаадад ажиллаад ирсэн хойноо уулзах гэтэл Хятадын Гуандун мужийн Фэнгкай хотод урилгаар ажиллахаар явсан байв. 109 мэс заслын 20 гаруйг Монголын баг амжилттай хийжээ. Фэйсбүүктээ ажлуудынхаа товч үр дүнг тавьсныг үзсэнээ хэлээд баяр хүргэж утсаар л ярьж амжив. Тэр цагаас хойш хэчнээн ч газар ажилласан юм, бас ОУ-ын эрдэм шинжилгээний хуралд Монголын баг оролцож илтгэл тавьсан байна. Хүмүүс тэр бүр үүнийг анзаарахгүй, би зах зухыг нь мэддэг тулдаа анзаараад байгаа хэрэг.

Би гэхдээ ганцхан удаагийн ажилд хамт явсан, харин тэд 90 шахам удаа ингэж улирал харгалзалгүй сайн дураар ажилласан билээ. Бас жил бүр Тайваний нарийн мэргэжлийн эмч нар ирж олон арван эрүү нүүрний нарийн мэс засал хэрхэн хийдгийг бичвэл бас өдий хэрийн нуршуу юм болох юм. 

Нуршихаас нэг их жийрхсэнгүй, бас сүржигнэсэн байх вий гэж хянахаас гадна харин ч мартаж, санаад эмч нарын хийж буй их үйлсээс үлдээж хоцроосон байх вий гэж санаа зовж байна. Ер нь тэмдэглэлийг нэлээд удааж, зарим зүйлийг мартаж, санаанд үлдсэн гоц гойд зүйлсээр бичвэл сонирхолтой болдог. Гэвч яг ийм төрлийн аяллыг мартаагүй дээрээ бичсэн нь дээр ч юм шиг. Ямар боловч тэдний ажил үйлсийн зах зухаас уншигчдад мэдрүүлсэн болов уу. Үндэсний асуудлыг нэг л баг санаачлагаараа үндэсний хөтөлбөр гаргаад, санхүүжилтээ олоод шийднэ гэдэг мөн ч зоримог, далайцтай ажил юм. Энэ цомхон баг үндэсний эрүүл мэндийн салбарын нэг сэтэрхийг битүүлж явна. Тэр нь амжилттай явааг сонсоод миний баярлах нэг хэрэг, харин нийт олноороо мэдэж, асар их ачаагаа даатгасан гэгээн төр минь түмэн мэлмийнхээ нэгээр ч болов харвал бүр ч өөр хэрэг ээ... Магадгүй тэднийг бурхан алдаагаа засах гэж илгээсэн байх...

 

11
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417