"Цар тахал" хаанаас, хэрхэн үүсдэг вэ?
Цар тахал гэдэг нь ямар нэгэн халдвараас үүдэн олон тооны хүн, амьтны аминд хүрдэг өргөн цар хүрээтэй өвчлөл юм.
Хүн төрөлхтний түүхэнд олон төрлийн тахал гарч байсан ч ихэнх тохиолдолд буюу 75% нь амьтнаас хүнд вирус халдварласан байдаг байна. Амьтнаас хүнд халдварлах өвчлөлийг “Zoonesses” гэж нэрлэх ба бидний мэдэхээр горилла, шумуул, сарьсан багваахай, гахай, шувуу, харх гэх мэт амьтдаас халдварласан олон янзын өвчлөл бидэнд сорилт болсоор байгаа. Өөрөөр хэлбэл хүн ч, амьтан ч тус бүрийн вирус биедээ тээж амьдардаг хэдий ч өөр өөрийн вирусыг эсэргүүцэх чадвар буюу дархлаа суусан байдаг тул хор хөнөөлгүй оршин тогтносоор байдаг.
Гэтэл гэм хоргүй байж байгаа вирус хэрхэн өвчин үүсгэдэг вэ гэвэл элдэв тахал үүсгэгч вирус нь ихэвчлэн хүний буруутай үйл ажиллагаанаас үүсэлтэй байдаг байна. Өнөө үед суурин соёл иргэншлийг дагаад хүн ам нэг газар ихээр бөөгнөрөн, зэрлэг амьтдын амьдардаг бүс нутагруу хүрээгээ тэлж байгаль дээр хэвийн оршиж буй вирустэй шууд харьцан халдвар үүсгэж, эсвэл халдварыг дамжуулагч дундын амьтдаар дам байдлаар халдах нөхцөл үүсдэг.
Вирусын халдвар нь зөвхөн амьд организмд орсны дараа өсөж үржиж, халдварладгаараа халуун орчинд өсөх чадвартай бактераас ялгаатай байдаг.
Аливаа вирус нь тохиолдол бүртээ өөр өөр хэв шинжийг үүсгэн хүнд халдварлагдсанаараа л аюулын хувь хэмжээ нь тоон үзүүлэлтээр илэрхийлэгдэж, тээгч болон дамжуулагчийг тандалт хийж судалж эхэлдэг ч зэрлэг амьтдад халдвар тархан тоо толгойд үлэмж хэмжээний хохирол учруулахад төдийлөн мэдэх боломжгүй байдаг ба үхсэн амьтдын сэг зэм байгаль дээрээ устаж алга болдог тул хэн ч мэдэлгүй өнгөрөх нь ч бий.
Түүнчлэн вирусыг тээгч амьтныг олох нь маш хүндрэлтэй байдаг. Учир нь өвчлөл үүсгэгч нэг төрлийн вирус нь маш олон төрлийн амьтанд илрэх боловч тэдгээр нь чухам тээгч үү, дамжуулагч уу гэдэг нь эргэлзээтэй байдаг байна. Жишээлэхэд сарьсан багваахай гэхэд төрөл зүйлийн хувьд 1136 төрөл байдаг ч бүгд вирус тээгч биш тул аль нь өвчин үүсгэгч вэ гэдгийг олоход хүндрэлтэй байдаг байна. Мөн шууд бус замаар буюу сарьсан багваахайн шээс зэрэг хүрсэн жимс навч зэргийг идсэн амьтад халдвар авч тухайн дамжуулагч амьтад халдварт өртөн түүнээс дамжин хүнд мөн халдварлаж болдог.
2020 он гарахтай зэрэгцээд дэлхий дахинаа шуугиан дэгдээж буй коронавирус нь өнөөдрийн байдлаар 723,594 орчим хүнд халдварлаж, нас барагсдын тоо 33,998-д хүрээд байгаа ч цаашид халдвар тархалт нэмэгдэх хандлагатай байна. Экологийн талаасаа авч үзвэл сүүн тэжээлтэн дотроос богино хугацаанд тоо толгой нь маш хурдацтай өсөж 7 тэрбум хүртлээ өсөж чадсан цор ганц амьтан нь хүн төрөлхтөн бөгөөд энэ байдлаа хэвээр хадгалахын тулд хувь хүний хариуцлагатай байдлаа өндөрсгөн, сахилга баттай байвал халдвараас өөрийгөө сэргийлэх боломжтой хэдий ч агаар дуслын замын халдвар нь нэг хүний хариуцлагагүй байдлаас нижгээд хэмжээний хохирол нүүрлэх боломжтой байдгаараа аюултай юм.
Улс орон бүрийн Засгийн Газар, эрүүл мэндийн салбар, хил гааль, онцгой байдлын алба зэрэг нь тэр чигээрээ өвчлөлийн тархалт, явцад анхаарал хандуулж урьдчилан сэргийлэх болон халдвар тархалтыг барихын тулд хэрхэхээ хамгийн боломжит сайн хувилбараараа шийдвэрлэн ажиллаж байгаа ч халдвардагдсан улсын тоо нэмэгдэж, нэгэнт шинэ улсад халдвар илэрсэн нь тогтоогдвол өдрөөс өдөрт халдвар авсан тохиолдол өсөж байна.
Халдварын эсрэг вакцин гаргахаар дэлхийд тэргүүлэх өндөр хөгжилтэй АНУ, БНСУ, БНХАУ зэрэг орнууд судалгаа хийж ажиллаж байгаа хэдий ч багагүй хугацаа зарцуулах тул энэхүү цар тахал дэлхийн эдийн засагт маш их хохиролтой төдийгүй хүн амын тоо хэмжээнд ч өөрслөлт орох эрсдэлтэй ч Монгол улс шиг хүн ам цөөнтэй улсын хувьд энэ нь орших уу, эс оршихуйг шийдэх чухал асуудал хөндөгдөх тул иргэн бүр дор бүрнээ цаг үеийн мэдээ мэдээллийг авч, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг ягштал баримтлан сахиж, дархлаагаа дээшлүүлэх арга хэмжээг авч, иргэн бүр хариуцлагаа сайжруулах хэрэгтэй.
М.Өлзийжаргал