Өмнөд Солонгост халдварын тархалт зогсоогүй байхад сургуулиуд хичээллэж эхэлжээ
Өмнөд Солонгост Ковид-19-ийн шинэ 49 тохиолдол бүртгэгдсэн ч Засгийн Газар нь сургуулиудыг нээх шийдвэртээ баттай зогссоор байгаа аж.
Солонгост нийтдээ 11,590 тохиолдол гарсан ба 273 хүн нас барсан гэж Өмнөд Солонгосын Өвчнөөс урьдчилан сэргийлж, хянах төв мэдээлжээ. Шинэ тохиолдлуудын нэгээс бусад нь нягтшил өндөртэй Сөүл хотод илэрсэн ба сүмийн цугларалт, интернет худалдааны томоохон агуулах, үзвэр үйлчилгээний төвүүдээс зуу зуун хүмүүс халдвар авсан.
Хотын засаг даргууд болон мужийн амбан захирагч нар вирусийн тархалтыг багасгахын тулд мянга мянган шөнийн цэнгээний клуб, бар, караоке, сүм болон хуримын танхимуудыг хаажээ.
Сөүл, Инчон, Дэжон хотуудын зарим нэг үзвэр үйлчилгээний газрууд ухаалаг утасны QR код ашиглан хүмүүсийг хайхад хялбар болгож байгаа юм. Мөн 6 сарын 10-с эхлэн Солонгос даяараа "QR кодыг" үзвэр үйлчилгээний газрууд ашиглах ёстой болж байгаа юм.
Коронавирусын тархалтыг зогсоохын тулд орохдоо утсаараа уншуулна уу
Халдвар тархсаар байгаа ч гэсэн Засгийн Газар нь 5 сарын 20-нд ахлах сургуулийн төгсөх ангийнхны хичээлийг эхлүүлэн дэс дараатайгаар сургуулиудыг нээсэн нь төлөвлөснөөрөө явж байгаа юм.
Лхагва гарагт 3, 4, 8, 9-р ангийн 1,8 сая хүүхдүүдийн хичээлийг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Вирусийн асуудлаас болж хэдэн сургууль хичээлээ эхлүүлэхээ хойшлуулсныг Боловсролын Яамны Сайд нь одоогоор тодорхой хэлж чадахгүй байгаа бөгөөд 519 сургууль буцаад зайнаас хичээллэх хэрэгтэй болсон аж.
Элит их сургуулийг төгсөх нь карьерт нь маш чухал гэж үздэг залуучуудтай энэ улсад сургуулиа хаалттай байлгана гэдэг улс төрийн хувьд хүнд шийдвэр байсан байх.
"1950-1953 оны Солонгосын дайны үеэр ч сургуулиудыг хичээллүүлж байсан. Өнөөгийн хэцүү байдлаас болон хүүхдүүдийнхээ ирээдүй болон мөрөөдлийг бусниулж болохгүй гэж би бодож байна" гэж Ерөнхий Сайд Чун Суэ-Кюун хэлжээ.
Эх сурвалж: abcnews