"Таньж, мэддэг хүмүүс намайг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хараад юу гэх бол доо, залуу насандаа төр түмэндээ зүтгэж явсан хүн шүү дээ би. Гэсэн ч хөгшин хонины насгүй болсон надад нэр цэвэр, сэтгэл амар энэ хорвоогоос буцах л хамгийн чухал байна" хэмээн хоолой зангируулан ярих С.Цэвээн гэх эмээ Төрийн ордоны баруун хаалган дээр суулт зарлаад даруй дөрвөн хоног өнгөрчээ.
С.Цэвээний нөхөр Б.Сонинпил нь Хилийн цэргийн дээд сургуульд цэргийн эрдэм шинжилгээний ажилтан, НАХЯ-ны Цэргийн их сургуульд улс төрийн орлогч даргаар ажиллаж байсан дэд хурандаа нэгэн байсан байна. Тэрбээр цэргийн байгууллагад тасралтгүй 27 жил ажилласан байгаад 1990 онд 43 насандаа албан үүргээ гүйцэтгэж яваад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт А-26 онгоцны ослоор нас барсан аж. Түүний ар гэрт тухайн үед 700 мянган төгрөгийн тэтгэмж олгосон гэх баримт саяхан ил болсон учир талийгаачийн ар гэрийнхэн энэхүү асуудлыг хөөцөлдсөн ч арга мухардаж, эцэстээ суулт зарлахаас өөр сонголтгүй болсон байна. Энэ талаар С.Цэвээнтэй ярилцлаа.
-Та суулт зарлаад нэлээд хоног боллоо. Бие нь гайгүй биз дээ?
-Олон түмний өмнө суулт зарлаад, гадаа суух амаргүй л юм байна. Гэхдээ эмээд нь үүнээс өөр сонголт үлдсэнгүй. Залуу насандаа орхиод одсон ханьтайгаа нөгөө ертөнцөд нүүр бардам, сэтгэл амар уулзахын тулд ийм үйлдэл хийлээ.
-Уучлаарай, та хэрэг явдлын талаар жаахан тодруулж өгөөч?
-Энэ их ярвигтай бас их сонин түүх. Миний охин С.Урансувдмаа Италид сургууль төгсөж, тэндээ ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн. Ирээд хувиараа хөдөлмөр эрхэлж, хувийн бизнес хийж, нэг байр худалдан авч улмаар дэлгүүрийн зориулалтаар н.Уламбаяр гэх хүнд түрээслүүлсэн байдаг юм. Харин өнөөх хүн нь “Би таны дэлгүүрийг чинь худалдаж авъя, та байрны гэрчилгээгээ өгчих” гэж худал хэлж аваад Голомт банкны эдийн засагчтай нийлж, их хэмжээний зээл авч, байрны гэрчилгээг нь өөрийн болгож, охиныг маань залилсан. Охин минь энэ асуудлаар хууль, шүүхийн байгууллагаар явж, 6,7 жил болсон ч нааштай шийдэгдэхгүй байсан. Тиймээс би охиндоо “Аав чинь хуулийн сургуулийн хүн байсан юм чинь тэд л одоо чамд зөвлөгөө өгч, тус болох байх гээд сургуулийн захиргаанд хандахыг зөвлөсөн. Охин маань тус сургууль дээр очиход тусламж болгож, нэг сая төгрөгийн тэтгэмж өгсөн байсан. Мөн улсаас танай гэр бүлд тэтгэмж өгч байсан гэх зүйл хэлсэн байдаг юм. Ингээд л архиваас шүүлгэж үзэхэд манай гэр бүлд тэтгэмж болгож, 700 мянган төгрөг олгосон гэх баримт гарч ирсэн.
-Хаанаас ямар хүний тушаал, шийдвэрээр олгосон гэх баримт гарсан бэ?
-Нийгмийн аюулаас хамгаалах яамны, байлдааны гавъяаны одонт цэргийн дээд сургуулийн захирлын 1990 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн б/57 дугаар тушаалаар 700 мянган төгрөгийн буцалтгүй тусламж, цагдаагийн дээд сургуулийн 1993 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн б/70 дугаар тушаалаар 2000 төгрөгийн буцалтгүй тусламж тус тус олгосон гэсэн байсан. Энэхүү лавлагаа мэдээлэл нь Хил хамгаалах ерөнхий газрын архиваас гарсан.
-Тэгэхээр та энэхүү мөнгийг аваагүй гэсэн үг юм уу?
-Тийм ээ. Би огт мөнгө авч байгаагүй. 1990 онд 700 мянган төгрөг авсан гэх баримт архивт хадгалагдаж байна. Гэхдээ яг намайг авсан гэсэн гарын үсэгтэй баримт байхгүй. Үнэхээр авсан бол өнөөдөр ингээд сууж байхгүй шүү дээ.
-Таны шаардлага, хүсэл юу байгаа вэ?
-Тухайн үед улсаас нэг ч төгрөгийн тэтгэмж аваагүй учир хууль шүүхийн байгууллагад хандсан. Гэвч шүүхээс “Танд өгсөн гэсэн баримт байна. Тэгэхээр та авсан л байж таараа” гэсэн шийдвэр гарсан. Тиймээс би энэхүү мөнгийг аваагүй болохоор нэр төрөө сэргээлгэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй биечлэн уулзах хүсэлт хүргүүлсэн. Харин надад ямар ч хариу өгөөгүй тул суулт зарлаж байгаа юм. Хөгшин хонины насгүй болсон надад нэр цэвэр, сэтгэл амар энэ хорвоогоос буцах л хамгийн чухал байна.
-Тухайн үед осолдсон онгоцонд хэдэн хүн явсан байдаг юм бол. Тэдний ар гэрийнхэн ямар нэгэн тэтгэмж авсан байдаг болов уу?
-Онгоцонд 30 хүн явж байгаад осолдсон байдаг. Тэдний ар гэрийнхэн тэтгэмж авсан эсэхийг бол сайн мэдэхгүй байна.
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Одоо хэн хэнтэйгээ амьдарч байна?
-Эмээ нь дөрвөн хүүхэдтэй. Одоо Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байна.
Б.Баатар
Сэтгэгдэл (6)