• Өнөөдөр 2024-04-24

ОХУ-ын Олимпын хорооны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн хоёр баг мөнгөн медаль хүртлээ

2021-07-29,   538

   32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпын наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн аваргууд өчигдөр тодорсон. Тодруулбал, эрэгтэйчүүд 3х3 төрөлд Латвийн баг тэргүүлж, ОХУ-ын Олимпын хорооны баг хоёр, Сербийн баг гуравдугаар байр эзэлсэн. Харин эмэгтэйчүүдийн 3х3 төрөлд АНУ-ын баг алт, ОХУ-ын Олимпын хорооны баг мөнгө, БНХАУ-ын баг хүрэл медаль хүртлээ. Ийнхүү олимпын наадамд цоо шинээр нэмэгдсэн сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тэмцээнд ОХУ-ын Олимпын хорооны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид мөнгөн медаль хүртэж, түүхэн амжилт үзүүлэв.

   ОХУ-ын Олимпын хороо сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэй баг аваргын төлөө Америкийн багтай тоглож, 18:15 онооны харьцаатай ялагдал хүлээсэн бол эрэгтэй баг нь Латви улсын багт 21:18 онооны харьцаатай хожигджээ. Эрэгтэй багийн бүрэлдэхүүнд Станислав Шаров, Александр Зуев, Иля Карпенков, Крилл Писклов нар багтсан байна. Харин эмэгтэй багийн бүрэлдэхүүнд юдя Козик, Анастасия Логунова, Евгение Фролкина, Ольга Фролкина нар ололцлоо.

   ОХУ-ын тамирчид “Токио-2020” олимпод ОХУ-ын Олимпын хороо нэрээр оролцож байгаа бөгөөд өчигдрийн байдлаар долоо алт, 10 мөнгө, зургаан хүрэл медаль хүртээд байна. Тус улсын олимпын хороо олимпод оролцох 335 тамирчны нэрийг долдугаар сарын 6-нд зарлажээ.  Учир нь, ОХУ-ыг олон улсын спортын наадамд оролцохыг хоёр жилээр хориглох шийдвэрийг Швейцарийн шүүхээс гаргасан. Тиймээс ОХУ-ын тамирчид улсынхаа туг, сүлдийг олимпын хорооны туг, сүлдээр орлуулан оролцож байна. Мөн олимпын наадамд Оросын төрийн дууллыг эгшиглүүлэхийг хориглосон билээ.

Б.Бадамзул


ОХУ-ын Олимпын хорооны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн хоёр баг мөнгөн медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188