Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баасанбаяр: Судалгаагаар өрх бүрд 1-2 машин, зарим айлд хүний тоогоор машин байна гэж гарсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 50 секунд

МҮОНТ-ийн “Нийгмийн хэлэлцүүлэг” нэвтрүүлгийн өчигдрийн дугаарт “Хотын түгжрэлийг бууруулах боломж, нөхцөл” сэдвийн дор хэлэлцүүлэг өрнөв. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ч.Батзориг, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга Б.Батболд, “Монголын автомашины дистрибьюторуудын ассоциаци” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Баасанбаяр, Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын хэлтсийн дарга С.Цэцэгмаа, инженер П.Цэвэгмид нар оролцсон юм.

Энэ үеэр “Монголын автомашины дистрибьюторуудын ассоциаци” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Баасанбаяр сэтгүүлчийн асуултад хариуллаа.

-Хүн амын тоо, авто замын даацад тохируулан автомашины тоог хэрхэн, яаж барих вэ. Бодлогын хувьд зохицуулах боломж хэр байдаг вэ?

-Бид импортоор орж ирж буй автомашины тоонд анализ хийсэн. 2012 оноос импортын машины тоо огцом нэмэгдсэн байдаг. Одоогийн байдлаар жилд нэмэгдэж буй 100 мянган автомашины ердөө таван хувь нь шинэ, 95 хувь нь хуучин машин байна. Зургаан жилийн өмнө шинэ машин найман хувийг эзэлж байсан. Сүүлийн үед оруулж ирж буй хуучин машины тоо улам бүр нэмэгдэж байна. Хуучин дотроо 7-9 жил, 10-аас дээш жилийн насжилттай машины тоо их байгаа. Энэ нь манай улсын барьж буй бодлоготой холбоотой. Хөгжингүй орнуудад таваас дээш жилийн насжилттай машинуудын татварыг маш өндөр тогтоосон байдаг. Наймаас дээш жил болчихвол бушуухан улс орноосоо гаргах бодлогыг барьж байдаг. Гэтэл манайд эсрэгээрээ хяналтгүйгээр хуучин машин оруулж ирж байна. Монголд явж байгаа нийт машины 90 хувь, импортоор оруулж буй машины 80 хувь нь 7-10 жилийн насжилттай. Тэгэхээр эдгээр машиныг дагалдаад устгах дөхсөн аккумлятор, батарей хамт импортоор орж ирж байна. Аюултай хог хаягдал болох аккумлятор л гэхэд жилд тонн тонноор анзаарагдалгүй хаягдаж байдаг. Энэ нь хөрс, ус, хүний эрүүл мэндэд маш хортой. Хүний удмын санд нөлөөлөх аюултай хог хураалгаастай байж байна.

-Саяхан байгуулсан “Өглөөний гудамж”-аар жишээ татан бодоход хүний ая тухыг хангасан гудамж, талбай олон болох тусмаа ганц гоё гудамж руу чиглэсэн хөдөлгөөн багасаж, төвлөрөл буурах юм биш үү?

-Бидний саяхны нэгэн судалгаагаар өрх бүрд 1-2 машин, зарим айлд хүний тоогоор машин байна гэж гарсан. Тэдгээр бүх машиныг тухайн айлынхан зэрэг унадаггүй, гэрийнхээ гадаа авто замын нэгдүгээр эгнээнд тавьчихсан байх нь бий. Үүнээс болоод түгжрэл үүсдэг. Машинаас татгалзах бодлого баримтлах хэрэгтэй. Машиныг хүмүүс хүүхэд зөөх, хүнс цуглуулах, хөдөө орон нутаг явах, эмнэлэг явах гэх мэт зорилгоор ашигладаг. Тэгэхээр машин зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ нэг өрхөд нэг машин гэсэн квот тогтоох, хоёр дахь машинаа авбал татвар нь өндөр байхаар тогтоох ёстой. Хүн хүсвэл таван машинтай байж болно, гэхдээ татвар нь ялгаатай байхаар тогтоож байж машины тоог бууруулна.

Улаанбаатарт 22 хэм дулаан байна
Улаанбаатарт 22 хэм дулаан байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 11 градус дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 11 градус дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.