ҮХНӨ-ийг энэ удаад батлахгүй бол дахин найман жил оролдох эрхгүй болно
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдэх гэж байгаа нь парламентын тогтолцоог бүрэн дүүрэн бэхжүүлэхэд чиглэгдсэнгэж хуульчид үзэж байгаа. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг ард нийтийн санал асуулгаарҮХНӨ-г бататгаад явах байр сууриа илэрхийлсэн хэвээр байгаа төдийгүй 62-ын бүлгээс оруулсан төслийн 80 орчим хувь нь хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдээд байгаа билээ.
Үндсэндээ бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг олонхийн бүлэг ард нийтээс асуух сөрөг хүчний саналыг дэмжиж ирэх аравдугаар сарын сүүлээр санал асуулгыг явуулах болсон. Гэвч ард нийтийн санал асуулга явуулахад 30 орчим тэрбум төгрөг зарцуулагдах болсон нь хэт их өндөр зардал гэсэн шүүмжлэл дагуулав. Иймээс нэгэнт сонгууль хийх хэмжээний төсөв зарцуулагдах санал асуулгад Ерөнхийлөгчийн ч тэр сөрөг хүчний ч тэр тавьж байсан УИХ-ыг тараах саналыг дэмжих асуудал улстөрд “сэдэв” болж эхэлсэн юм.
Ардчилсан нам ҮХНӨ-г хэлэлцэхээс татгалзсан бөгөөд Ерөнхийлөгч мөн өөрийн оруулсан төслөө эргүүлэн татсан учир МАН ҮХНӨ-ийг ард иргэдээсээ асууж батлахаар бүлэг дээрээ шийдвэр гаргасан. Гэвч ард нийтийн санал асуулга ирц хүрэхгүй байх магадлал өндөр байгаа тул нэгдүгээрт, улсын төсвөө хэмнэх зорилгоор, хоёрдугаарт, 29 жил улс орны хөгжлийн тушаа болж байсан засаглалын хямралд цэг тавин, тогтвортой засаглалыг бий болгох ҮХНӨ-ийг ирц хүргэн батлахын тулд УИХ-н гишүүд сандал суудалтайгаа зууралдаад байлгүй хугацаанаасаа өмнө тарж, УИХ-н сонгуулийг хамтад нь явуулах саналыг зарим гишүүд нь гаргаад байх шиг байна.
Учир нь хуулиараа ард нийтийн санал асуулга явуулаад ирц хүрээгүй тохиолдолд ахин санал хураалт явуулдаггүй бөгөөд ахин 8 жил Үндсэн Хуулиндаа өөрчлөлт хийхийг хориглосон аж. Өөрөөр хэлбэл ард нийтийн санал асуулгад ирц хүрэхгүй тохиолдолд иргэдийн татварын мөнгө салхинд хийсээд зогсохгүй ирэх 8 жил өнөөх л улс төрийн тогтворгүй байдал үүнээс үүдэн эдийн засгийн хямрал, улс орны нэгдсэн бодлогогүй явцгаах болох нь. Сүүлийн жилүүдийн судалгааг харахад Засгийн газрын дундаж хугацаа 1,8 жил байна гэж үзвэл ирэх 8 жил бид 18 Ерөнхий сайд, засгийн газрын нүүр үзэхнээ гэсэн үг юм.